sonin.mn
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал өгөх ажиллагаа ид өрнөж байна. 
 
Хэсгийн хороодод санал өгөх ажиллагаа харьцангуй хэвийн үргэлжилж байгаа ч зарим газар саналын хуудсыг буруу бөглөх, хүчингүйд тооцуулах тохиолдол гарч байгаа юм. Тиймээс саналын хуудсыг хэрхэн бөглөх, юуг хориглох талаар иргэдэд товч тайлбар хүргэж байна. 
 
Энэ удаагийн сонгуульд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ хамт явагдаж байгаа учир саналын хуудсын нэг нүүрт хоёул хэвлэгдсэн байгаа. Саналын хуудаст нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичиж, нам, эвслийн Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар дугаарласан байгаа юм. 
 
Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байх бөгөөд харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрт нэг байна.  
 
Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно. Үүнд: 
 
-тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээмэдсээр байж санал өгөх;
-өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримташиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
-тухайн санал авах байраас олгосноос өөр саналынхуудсыг санал өгөхөд ашиглах;
-санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
-саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
-саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдадхаруулах;
-аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
 
Сонгогч нь саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийг тэмдэглэж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
 
Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болох юм.
 
Мөн санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч саналаа өгч болно.
 
Н.Гантуяа
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг