sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ сонгууль ажиглагчдын багийн тэргүүн, Элчин сайд Оудрий Франсис Гловерийг хүлээн авч уулзлаа.
 
ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүн, хатагтай Оудрий Гловер нь өнгөрөгч тавдугаар 19-нээс хойш Монголд ажиллан, сонгуулийн явцтай танилцаж байна. Тэрбээр өөрийн ажлын хүрээнд маргааш буюу пүрэв гаригт хэвлэлийн хурал зохион байгуулах ба мөн ажиглалтын нийт дүнг танилцуулсан тайлан, зөвлөмжийг гаргахаа мэдэгдэв.
 
Хатагтай Оудрий Гловер 2013 онд Монголд ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүнээр ажиллаж байсан ба тухайн үед гаргасан тайлан, зөвлөмж нь чухал ач холбогдолтой байсныг Ерөнхийлөгч дурдаж байв. Сонгуулиас сонгуулийн хооронд олон сургамж аван цаашид холбогдох хууль тогтоомжоо улам бүр сайжруулахын төлөө ажиллаж байгааг Ерөнхийлөгч онцлов.
 
Энэ ажилд гадаадын ажиглагчид чухал үүрэг гүйцэтгэж, сонгууль ил тод, шударга болоход нь сайн нөлөө үзүүлснийг дурдлаа. Энэ удаагийн сонгуулийн талаарх тус байгууллагын тайланг мөн чухалчлан авч үзэхийг Ерөнхийлөгч хэллээ.
 
Хатагтай Оудрий Гловер Монголын сонгуулийн үйл явц одоогоор ямар нэгэн зөрчилгүй, тайван үргэлжилж байгааг дурдаад энэ удаагийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид харьцангуй цөөхөн байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв.
 
Тэрбээр ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүнээр Беларусь, Казахстан, Македони, Украин, Итали, Албани, Гүрж, Азербайжан, Словени зэрэг улсад ажиллаж байжээ.