sonin.mn
МЭДЭГДЭЛ
 
Монгол Улсын Засгийн газар Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авах өөрийн онцгой бүрэн эрхээсээ татгалзаж гадаадад бүртгэлтэй компанид Уулын баяжуулах Эрдэнэт үйлдэрийн 49 хувь, Монгол-Оросын хамтарсан Монросцветмет үйлдвэрийн 50 хувийн хувьцааг тус ту худалдаж авах эрхийг нууцаар өгчээ.
 
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, Монгол-Оросын хамтарсан Монросцветмет үйлдвэрийн аль аль нь Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой аж ахуйн нэгжүүд юм.
 
Монгол Улсын төсвийг өмнө нь ч, одоо ч нуруун дээрээ авч явж ирсэн, цаашид ч монгол хүн бүрийн, тэр дотроо Орхон аймаг, Бор-Өндөр зэрэг газрын иргэдийн ахуй амьдралын салшгүй нэг хэсэг болсон эдгээр үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж, Засгийн газраар дамжуулан Монгол Улсын иргэд ашиг тусыг нь хүртэж байх учиртай.
 
ОХУ-ын Засгийн газар Монгол Улсын талд өөрийн хувь эзэмшлээ авах давуу эрхийг олгосон явдалд МАХН-ын зүгээс туйлын талархалтай хандаж буйгаа энэхүү мэдэгдэлээр дамжуулан хүргэхийг хүсч байна. Ийм нөхцөлд Монголын тал хувьцааг худалдан авах давуу эрхээ эдэлж, Зөвхөн Монгол Улсын Засгийн газар худалдан авах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байна.
 
УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд сонгуулийн ажилтай хэмээн өөр өөрийн тойрогт ажиллаж байх үед далимдуулж эзгүйчлэн, Монгол Улсын хувьд асар чухал шийдвэрийг гаргахдаа нууцаар хуралдаж, тэрхүү хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүдийг улсын нууц задруулахгүй байх тухай шаардан, айлган сүрдүүлж, хуралдааны шийдвэртэй танилцах хүсэлт гаргасан зарим гишүүдийг /БХБ-ын Сайд З.Баянсэлэнгэ/ "Чамд хамаагүй, чи мэдэх ёсгүй" гэх мэтээр хуулиар олгосон бүрэн эрхэд нь хууль бусаар бүдүүлгээр халдаж байгаад энэхүү үйлдлээ гүйцэлдүүлсэн.
 
МАХН, түүний гишүүд Монголын ард түмний эрх ашгийг байнга нэн тэргүүнд тавьж ирсэн зарчмын байр сууриасаа огт ухралгүйгээр Ерөнхий сайдын үйлдэл, шийдвэрийг эсэргүүцэж байсан болно.
 
Түүнчлэн улс төр, эдийн засгийн энэхүү онц чухал шийдвэрийн талаар МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намын гишүүдийнхээ хамтаар УИХ-ын дарга, эрх баригч АН-ын дарга З.Энхболдтой холбогдон уулзаж, "Эрдэнэт" үйлдвэр, Монросцветмет үйлдвэрийн хувьцааг Монголын талд шилжүүлэх тухай ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийг ийнхүү нууцаар, Монголын ард түмэнд ашиггүй шийдвэрлэх гэж байгаа тухай мэдэгдэж байр суурийг нь асууж байсан болно.
 
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд тухайн үед нь "...тийм шийдвэр гарах ёсгүй, УИХ-аар заавал хэлэлцэх ёстой" гэсэн хариуг өгч байсан юм.
 
Гэтэл судалж, байгаа тийм шийдвэр гаргахгүй гэж байсан АН-ынхан, Ерөнхий сайд аль хэдийнээ гадаадын оффшор компанийн эзэмшилд байдаг ХХБ, түүний төлөөний компани болох "Монголын зэс" компани гэх "Х" буюу тэг тайлантай, татвар төлдөггүй нэг хүний эзэмшлийн "тоглоомын" компанид Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эзэмшдэг Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, Монгол-Оросын хамтарсан "Монросцвемет" үйлдвэрийн онц их хэмжээний хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд:
 
1. УИХ-ын дарга З.Энхболдод хандан УИХ-ын чуулганы хуралдааныг нэн яаралтай зарлан хуралдуулах, стратегийн ач холбогдолтой ордын хувьцааг худалдах худалдан авахтай холбоотой хууль, журмуудын биелэлтийг хангуулахыг шаардаж байна.
 
2. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, Монгол-Оросын хамтарсан "Монросцветмет" үйлдвэрийн хувьцааг худалдан авах Засгийн газрын давуу эрхийг ашиглан зөвхөн Монгол Улсын Засгийн газар худалдан авах шийдвэр гаргахыг шаардаж байна. Түүнчлэн ХХБ, түүний хамаарал бүхий этгээд гэх "Монголын зэс" компаниудыг хэрхэн ямар шалгуураар сонгон авсан тухай, "Монголын зэс" компани нь хэний эзэмшилд байдаг, санхүүгийн ямар үзүүлэлттэй компани болохыг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна.
 
3. Монгол Улсын Засгийн газар ямар үндэслэлээр эдгээр үйлдвэрийн хувьцааг худалдаж авахаас татгалзсан бэ. Хэрэв санхүүгийн хувьд боломжгүй гэж үзсэн бол"Монголын зэс" компани нь Засгийн газраас ч илүү хэмжээний хөрөнгөтэй компани гэж үзэх болсон санхүүгийн үзүүлэлтийг, тэрхүү хөрөнгө санхүүг хаанаас ямар эх үүсвэрээс олж авсан болохыг мөн дэлгэрэнгүй байдлаар мэдээлэхийг шаардаж байна.
 
4. Монгол Улс, ОХУ-ын хооронд хийсэн гэрээ, Монгол Улсын иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж хийсэн шийдвэрээ нэн даруй цуцлан, Монгол Улсад ашигтай боллоо хэмээн тархи угааж, эрх мэдлээ хэтрүүлэн хувьдаа ашиг хонжоо олох гэсэн энэ явуургүй оролдлогоо таслан зогсоохыг Ерөнхий сайд Ч.Сайханбилгээс шаардаж байна.
 
5. ХХБ өөрийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийг бүрнээр нь гарган мэдээлэхийг ХХБ-ын хувьцаа эзэмшигчдээс шаардаж байна. Бидэнд байгаа мэдээллээр ХХБ-ийг АНУ, Люксембург дэх оффшор компаниуд дийлэнх хувийг нь эзэмшиж байгаа бөгөөд, ердөө 2 гаруйхан хувийг нь монгол хүмүүс эзэмшдэг байна. Хэрвээ гадаад дахь оффшор компаниуд нь Монгол эзэнтэй бол хэн хэн гэдэг монгол хүмүүс байдаг тухай ил тод бөгөөд үнэн зөв мэдээллийг олон нийтэд өгөхийг хүсч байна.
 
МАХН-аас байгалийн баялгийг зөвхөн ард түмний мэдэлд байх ёстой гэсэн Үндсэн хуулийн тулгуур зарчмыг баримталдаг бөгөөд, Эрдэнэт үйлдвэр, Таван толгой зэрэг төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудыг төр эзэмшиж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө зориулах ёстой гэсэн байр суурьтай байдаг бөгөөд энэхүү үзэл баримтлалынхаа төлөө тууштай тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна.
 
Монгол Ардын Хувьсгалт Нам