sonin.mn
Нийслэлийн хэмжээнд 20.00 цагийн байдлаар 517 мянга 149 хүн УИХ болон НИТХ-ын сонгуульд санал өгч, ирц 61.30 хувь болжээ. Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээлж буйгаар Багахангай дүүрэгт ирц хамгийн өндөр буюу 75.59 хувьтай байгаа бол Багануур дүүрэгт 52.47 хувийн ирцтэй байгаа юм.
 
Багнуур, Налайх, Чингэлтэй дүүрэгт сонгогчдын ирц 52-59 хувийн ирцтэй байгаа бол бусад дүүрэг 60 хувь давжээ. Одоогоор санал авах үйл ажиллагаатай холбоотой гомдол ирээгүй хэмээн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана мэдээлэв.
 
Тэрбээр, “Санал авах үйл ажиллагаа 22.00 цагт дуусна. Үүний дараа дүүргийн хэсгийн хороод хуралдаж, хэдэн хэсгийн хороодод хяналтын тооллого хийхээ тогтоож, ажиглагчдыг оролцуулан сугалаагаар тодруулах юм. Тооллого дууссаны дараа дүүргийн Сонгуулийн хороодоос ирүүлсэн дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно.
 
Өмнөх сонгуулиудын үеэр 22.00 цаг буюу санал хураалт дуусах мөчид ирц нэмэгддэг байсан. Энэ удаад ч бас энэ үйл явдал давтагдахгүй гэх аргагүй. Тиймээс нийслэлийн сонгуулийн ирц 70 хувь давна гэдэгт итгэлтэй байна.
 
Санал хураалтын эцсийн дүн гараагүй байхад нам, эвслүүд өөрсдийгөө ялсан мэтээр мэдээлэл хийдэг. Тиймээс нийслэлийн сонгуулийн хороо тооллогыг шуурхай зохион байгуулж, нийтэд мэдээлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
 
Ч.Ариунболд
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг