sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Гацаанд ороод буй Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээг сэргээхийн тулд хамтран ажиллахыг Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч АНУ болон ОХУ-д хандан уриаллаа. Тусгай төлөөлөгч Стаффан де Мистура лхагва гарагт Сири дэх нөхцөл байдлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд танилцуулжээ.
 
Хоёрдугаар сард гал зогсоох хэлэлцээр байгуулсан боловч энхийн хэлэлцээ гацаанд орж, Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд байлдааны ажиллагаа ширүүссээр байна. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу наймдугаар сар гэхэд Сирид улс төрийн шилжилт хийнэ гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм.
 
НҮБ-ын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Энхийн хэлэлцээ дахиад бүтэлгүйтэх явдлыг хүлээн зөвшөөрч болохгүй” гээд “гал зогсоох хэлэлцээр бол АНУ болон ОХУ-ын зүгээс шахалт үзүүлсний үр дүн” гэжээ.
 
Тэрбээр хэлэхдээ “ирэх есдүгээр сар гэхэд энхийн хэлэлцээний ерөнхий тойм төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй” гэжээ. Есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдахаас гадна “Их-20” бүлгийн Дээд хэмжээний уулзалт болох юм. Эдгээр уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох гэж байна.
 
НҮБ-д түүхэн үүрэг даалгавар ногдоод байна гэж тэрбээр хэлээд “Сирийн аймшигт мөргөлдөөнийг зохицуулахын тулд НҮБ чадах бүхнээ хийнэ” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг