sonin.mn
ВАШИНГТОН. /АР/. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын ханш унасны улмаас эдийн засгийн өсөлт нь эрс буурсаар байгаа үед болсон далайд гарцгүй Монгол Улсын парламентын сонгуульд сөрөг хүчин болох Монгол Ардын нам /МАН/ үнэмлэхүй ялалт байгууллаа.
 
Тус улсын СЕХ-ны дарга пүрэв гарагт мэдэгдсэнээр, МАН УИХ-ын 76 суудлын 65-ыг авчээ. Эрх баригч Ардчилсан нам ердөө 9-хөн суудал авсан бол бие даагчид болон жижиг намууд хоёр суудал авчээ.
 
МАН бол хуучин ЗХУ тарсны дараа ардчилал болон зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө Монголыг 70 жил удирдсан коммунист нам юм. Монгол Улсын хуулийн дагуу олонх болсон нам шинэ засгийн газар байгуулж, ерөнхий сайд болон парламентын даргыг томилно
 
МАН-ын дарга М.Энхболд өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэлээ. Энэ итгэлийн ард томоохон үүрэг хариуцлага ногдож байгааг бид ойлгож байна. Одоогийн эдийн засгийн байдлыг сайжруулж, олон улсын тавцанд унаад буй Монгол Улсын нэр хүндийг сэргээхийн төлөө бид чадах бүхнээ хийж, шаргуу ажиллах болно” гэлээ.
 
Харин парламентын дарга, Ардчилсан намын тэргүүн З.Энхболд хэлэхдээ “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Бид ард  түмний сонголтыг хүндэтгэж байна” гэсэн юм. Энэ нь 1990 онд тус улс ардчилалд тайван замаар шилжсэнээс хойших хугацаанд болсон 7 дахь удаагийн парламентын сонгууль билээ.
 
Ажилгүйдлийн түвшин өссөн, засгийн газрын хэдэн тэрбум долларын өр болон улс төрийн тогтолцоонд хүмүүс үл итгэх болсон зэрэг нь ОХУ болон БНХАУ гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог 3-хан сая хүн амтай энэ улсын парламентын сонгуулийн үеэр хөндөгдөж байсан гол асуудлууд юм.
 
Дотоодод эрэлт суларч, экспорт эрс буурсны улмаас Монголын уур уурхай болон мал аж ахуйгаас хамааралтай эдийн засаг уналтад орж, улмаар малгүй болсны улмаас ажил хайн хот бараадсан хэдэн мянган хүмүүс ядуурсан билээ.
 
Тус улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувиар өсч байсан бол өнгөрсөн онд ердөө 2.3-хан хувиар өсч, хүн амын тавны нэг хувь нь ядуусын эгнээнд оржээ. Монголын экспортын 94 хувийг эзэлдэг нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын ханш унаж байгаа энэ үед тус улсын эдийн засгийг 2016 онд 1-ээс доош хувиар өснө гэж шинжээчид урьдчилан таамаглаж байна.
 
Ирэх онд гадаадаас авсан зээлүүдээ төлж эхлэх учир тус улсад дахин нэг хямрал нүүрлэж магадгүй. Ашигт малтмалын ханш буурахтай зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалт мөн эрс буурсан боловч олон улсын уул уурхайн “Рио Тинто” групп олон тэрбум долларын өртөг бүхий “Оюутолгой” ордын өргөтгөлийн ажлыг эхлэхээр болсон билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг