sonin.mn
Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд үүсгэн байгуулагдсаны 220 жил, дахин сэргэсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг угтаж хийдийн сүм дуганыг сэргээн засварлах, асар майхан шинээр барих, салхин хүрд бүтээх зэрэг ажлууд хийгдэж байна.
 
Эрдэнэмандал хийд нь 1991 оноос хойш өнөөг хүртэл аймаг орон нутгийнхаа ард иргэд, сүсэгтэн олонд буян номын үйл хэргийг тасралтгүй хүргэж байна. Одоо тус хийд нь 40 орчим лам хуврагатай, 12 ажилтантай.
 
Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн бас нэг онцлог нь хийдийнхээ дэргэд бурханы шашны сургуультай бөгөөд тус сургуульд газар газрын, 4-18 насны 20 гаруй хүүхдүүд суралцдаг. Цаашид бурханы шашны сургалттай Баян-Эрхт сургууль нь зүүн бүс нутгийн шашны төв сургууль болох үндсэн зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Мөн Эрдэнэмандал хийдийн дэргэдэх Сүсэгтний холбоо нь нийт сүсэгтнүүдийнхээ дунд танин мэдэхүйн эко аялал, Нүд тайлж буян хураах аялал, хүмүүнлэгийн ажил, олон төрлийн сургалт, хичээлүүдийг тогтмол зохион байгуулдаг.
 
Өөрийн гэсэн телевиз, оёдлын цех, шашны сургууль, дотуур байртай, 12 сумын сүм хийдүүдийн үйл ажиллагаа тогтмол явагддаг. Эдгээр үйл ажиллагаагаар 2015 онд Монгол Улсын үлгэр жишээ хийдээр өргөмжлөгдсөн юм.
 
Эрдэнэмандал хийдийн түүхээс товч дурьдвал 1796-1938 он хүртэл 142 жил оршин тогтносон. 1938 оны намар улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үед хаагдаж байжээ. Гэвч бурханы номоо гэх сэтгэлтэй зарим лам хуврагууд болон сүсэгтэн олны санаачилгаар 1991 онд хийд дахин сэргэж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
 
Ойн арга хэмжээ өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 1,2-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
 
Т. Одончимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг