sonin.mn
АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах олон улсын сэтгүүлчидтэй ажиллах сайн дурын 120 гаруй ажилтанд мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалт өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.
 
Сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга П.Сайнбилэг удирдан явуулсан юм.
 
Тэрбээр “Сайн дурын ажилтнууд бол аливаа олон улсын арга хэмжээний нүүр царай, өнгө төрхийг илтгэж байдаг. Тэр дундаа сэтгүүлчидтэй ажиллах гэдэг маш хариуцлагатай үүрэг. Дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар олон улсын 800 гаруй сэтгүүлч манай улсад ирнэ.
 
Нэг сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ сурвалжлага сая сая үзэгчид Монгол Улсын талаарх анхны ойлголтыг хүргэнэ. Иймд та бүхэн тэдгээр сэтгүүлчтэй хэрхэн харилцах, үйлчлэхээс манай улсын нэр хүнд ихээхэн хамаарах юм” хэмээн онцоллоо.
 
Сургалтаар сайн дурын ажилтнууд, тэр дундаа олон улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах хүмүүсийн анхаарах зүйл, баримтлах зарчим, эзэмшвэл зохих чадваруудын талаар ерөнхий ойлголт олгож, сэтгүүл зүйн үг хэллэг, дипломат ёс, харилцааны соёл, хувийн бэлтгэлтэй холбоотой заавар зөвлөмж өгөв. Эдгээр сайн дурын ажилтнууд ирэх долоо хоногт Шангри-Ла дахь гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулсан Хэвлэлийн төвтэй танилцана.