sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, АН УИХ-д 9 суудалтай боллоо. Уг ялагдалтай холбоотойгоор АН-ын удирдлага хариуцлага хүлээж, огцроно гэдгээ зарласан билээ. Тэгвэл тун удахгүй АН-ын ҮЗХ хуралдаж, намын шинэ удирдлагаа сонгох бололтой.
 
АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Л.Эрхэмбаяр энэ тухай:  "Намын дүрмээрээ бид хариуцлагаа хүлээх нь тодорхой. Хэзээ ч хариуцлагаа хүлээгээд албан тушаалаасаа огцроход бэлэн байна. Гэхдээ хариуцлагаа хүлээж байна гээд зугатахгүй. Шинэчлэлийн талаар Ардчилсан нам маш нуцахцтай ярилцах хэрэгтэй.
 
Сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш. Юун дээр алдав, юун дээр онов, хэнээр намаа удирдуулбал зүгээр вэ гээд бүгдийг ярина. Тамга тэмдэг өгөлцөж, авах шиг амархан асуудал байхгүй. Гол нь намаа хэрхэн, яаж шинэчлэх вэ гэдэг хамгийн чухал." гэсэн юм.
 
Товчхондоо АН-ын дараагийн дарга хэн байх вэ? гэдэг яриа аль хэдийн яригдаад эхэлжээ. Фракц бүр л өөрийнхөө төлөөллийг намын даргад сойх санаатай байгаа ч УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн л намын дарга байх ёстой гэсэн шийдэлд хүрч буй бололтой.
 
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн, ардчиллын анхдагчдын нэг Лу.Болд АН-ын дарга болох нь эргэлзээгүй бөгөөд өрсөлдөгч ч бараг үгүй юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан нарын нэг нь УИХ дахь бүлгээ удирдах бололтой.
 
Ч.Явуу