sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн гарч, цөөнгүй хүнийг "шок"-онд орууллаа. Тэр бүү хэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүртэл уг үйл явдлыг "улс төрийн цунами" боллоо хэмээн тодорхойлсон билээ. Мэдээж сонгуулийн дүн гарсан тул энэ сонгуулийн ялалт, ялагдлын  учир шалтгааныг тайлбарлах хүмүүс ч олон гарч байгаа.
 
Гэхдээ сонгуулийн өмнөх  С.Ганбаатар, Х.Баттулга, Г.Уянга нар бусдаас хол илүү рейтингтэй байна гэх "Сант-Марал" төвийн судалгаа, АН, МАН ойролцоо суудал авна гэх Баабар  тэргүүтний судалгаа бүгд ташаа байсан нь хачирхалтай. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан  л УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнг тун оновчтой таамаглаж байжээ.
 
Тэрээр УИХ Сонгуулийн хуулийг өөрчилж, жижиг мажоритар системийг сонгон авсны дараа : "АН амиа хорлох алхам хийлээ. Сонгуулийн дүн бүгдийг шоконд оруулна" хэмээж байсан төдийгүй нийт сонгогчдын 20 хувийн саналыг авсан нам ч 76 суудлын дийлэнхийг авч болох магадлал байдгийг дурьдаж байлаа.
 
Үнэхээр ч түүний хэлснээр болж, нийт сонгогчдын 47 орчим хувийн санал авсан АН 9 суудалтай болж, сонгогчдын 50 гаруйхан хувийн санал авсан МАН 65 суудалтай болсон юм.
 
Энэ тухай эрхбиш математик мэддэгээрээ М.Энхсайхан зөв тооцоолсон, харин ийм илэрхий үнэн үг бусдаас сонсох чадвар ч З.Энхболд тэргүүтэнд байгаагүй нь харамсалтай гэж эх сурвалжууд дүгнэж буй ажээ.
 
Ч.Үнэнбат