sonin.mn
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр Төрийн ордны Баганат танхимд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа.
 
Арга хэмжээг нээж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "СЕХ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэж СЕХ-ны 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган өргөн мэдүүлэхээр боллоо.
 
УИХ-ын гишүүнээр тойргуудаас сонгогдсон гишүүдийн талаар хэлэлцэж, тогтоол гаргаж шийдвэрлэлээ. Хуульд заасны дагуу УИХ-д сонгогдсон түр үнэмлэхийг гардуулж байна" гэлээ.
 
“Түр үнэмлэх олгох тухай” СЕХ-ны 210 тоот тогтоолыг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн уншиж танилцуулан, тойрог тус бүрээс сонгогдсон гишүүдэд үнэмлэхийг нь гардуулан баяр хүргэв. Уг тогтоолд “Сонгуулийн тухай хуулийн 133.2, 133.4, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн СЕХ-ноос тогтоох нь: УИХ-ын ... тойрогт нэр дэвшигч .... –г УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосугай” гэжээ.  
 
 
Нэр дэвшигчдийн эхэнд УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод УИХ-ын гишүүнийг түр үнэмлэхийг гардуулав. УИХ-ын сонгуулийн 76 тойрог тус бүрээс сонгогдсон гишүүдийн дийлэнх нь хүрэлцэн ирсэн ч зарим холын сумдаас нэр дэвшигчид хараахан ирээгүй байв. Шинэ УИХ дахь цорын ганц бие даагч С.Жавхлан үндэсний хувцсаар гангарсан байсан нь бусдаас илүү анхаарал татаж байлаа.  
 
Нийт 76 шинэ гишүүн түр үнэмлэхээ гардсаны дараа СЕХ сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид айлтгав.
 
Н.Гантуяа 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг