sonin.mn
21 мянган метр квадрат талбай бүхий гаднаа 1300 машины зогсоолтой барилгын салбарын бүх худалдааг нэгтгэсэн Мишээл барилгын их дэлгүүр өнөөдөр нээлтээ хийлээ.
 
“Мишээл экспо” төвтэй залгаа байрлах  тус дэлгүүр нь үйлчилгээ болон өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, банк, ёслол хүндэтгэлийн тайз, сервер, хяналтын камер, хурлын өрөөнүүд, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлт, хүлээлгийн хэсгээс бүрджээ.
 
“Мишээл” барилгын их дэлгүүрийн  захирал Б.Баясгалан ярихдаа, “Барилгын бүх үйлчилгээг  нэг дороос хүргэж хэрэглэгчдийн цаг, мөнгийг хэмнэх үүднээс Мишээл барилгын их дэлгүүрийг нээж байна.  Гадна талбайд элс, мод, төмөр каркасын худалдааг  наймдугаар сараас эхлэн явуулна.
 
Түүнчлэн манай их дэлгүүрээс  дэлхийн топ болон дунд түвшний брэндийн барилгын материалын албан ёсны дистербьютер, диллер, үндэсний топ үйлдвэрлэгчдээс бүрдсэн нийт 120 гаруй шоу рүүм, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн төв биржийн үйлчилгээг авах боломжтой.
 
Мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн орон сууцны корпораци, Орон сууцны бирж байрлаж буйгаараа онцлогтой. Манай дэлгүүрээс барилгын материал авах гэж 100 хаалга татах шаардлагагүй. Нэг хаалга татаад 100 мянган төрлийн бараа, материал үзэх боломжтой. Үнийн хувьд  100 айл дахь барилгын материалын  үнэтэй ижил” хэмээн онцлов.
 
Тус дэлгүүрийн нэгээхэн хэсэг нь болох Орон сууцны биржид 50 гаруй компанийн мэдээлэл төвлөрчээ. Долдугаар сарын 2-ныг хүртэл “Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөгийг  зохион байгуулах юм. Энд нэг метр квадрат байрны үнэ 1 сая 50 мянгаас 4 сая хүртэлх төгрөгөөр борлуулж байна.  
 
Мөн компаниуд урамшуулалт худалдааг зарлажээ. Тухайлбал, “Си Си Эм Жи” ХХК-ийн “Sunny Town” хотхонд 2 өрөө байрыг 100 хувь төлбөрөө төлж авбал 10 сая, 3 өрөө байр авбал  20 сая төгрөгийн  хөнгөлөлт үзүүлэх юм байна. Харин “Ноёд констракшн”-ы Тарвалин хотхонд төлөлтийн хэмжээнээс хамааран нэг метр квадрат тутамд 100 мянган  төгрөгөөс дээш үнийн хөнгөлөлт үзүүлэх юм.
 
Мөн Морьтон цогцолборт орон сууц авахдаа 30 хувийн урьдчилгаа төлөх боломжгүй хүмүүст 10 хувийг нь  хоёр жилийн хугацаатай хүүгүй зээлэх боломжийг бүрдүүлсэн байв.  Банкны оролцоогүйгээр 3 жилийн хугацаатай хүүгүй лизингийн урамшууллыг “Аз жаргалын өргөө” компани зарлажээ.
 
Тус компанийн СХД-ийн 21 дүгээр хороололд барьж буй орон сууцны нэг метр квадратын үнэ 1 сая 400 мянган төгрөг бөгөөд 20-25 сая төгрөгийн урьдчилгаа төлөн 3 жилийн хугацаатай хүүгүй лизингээр байртай болох боломжтой юм байна.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг