sonin.mn
“Хөгжлийн хөтөлбөр” намаас Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сонгогдоогүй ч дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө цаашдаа ч хэрэгжүүлэх болно гэдгээ тэд  мэдэгдсэн юм.
 
Тус нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох  мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын айлуудыг утаагүй болгох, хүн бүр хүрэлцэхүйц цалинтай болгохыг дэвшүүлжээ.
 
Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа ярихдаа, “Засгийн эрхийг хууль бусаар авдаг тогтолцоо нийгэмд үүсчихлээ. Үүнийг таслан зогсоохын тулд монголчууд нэгдэх ёстой. Наад зах нь иргэдийн төлөөлөгчид болон нэр дэвшигчид тухайн тойрогтоо таваас доошгүй жил амьдарсан байх хэрэгтэй.
 
Энэ болзлыг хангаагүй олон хүн иргэдийн төлөөлөгч болж гарч ирснээр тухайн тойргийн иргэдэд хүрсэн ажил хийнэ гэдэгт эргэлзээтэй. Манай намаас есөн нэр дэвшигч дэвшсэн ч сонгогдоогүй.
 
Хэдий сонгогдоогүй ч өөрсдийн давуу талдаа тулгуурлан ард түмнийхээ төлөө хэрэгжүүлэх ажлуудаа улам эрчтэй явуулах болно. Тухайлбал манай намын гишүүд гэр хорооллыг  утаагүй болгох технологитой  гэдгээрээ онцлогтой” гэв. 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг