sonin.mn
Францын Ангерс хотноо өнгөрсөн сарын 7-10-ны өдрүүдэд Олон улсын сэтгүүлчдийн холбооны 29 дүгээр их чуулган боллоо.
 
Чуулганд дэлхийн 300 гаруй төлөөлөгчид оролцон сэтгүүлчдийн аюулгүй байдал болон ажлын байран дахь жендэрийн тэгш эрхийг хангах, хэвлэлийн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчийн ёс зүй зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Тус чуулганд МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг оролцон Олон улсын сэтгүүлчдийн холбооны Жендерийн консулын удирдах зөвлөлийн Ази Номхон далайн чиглэл хариуцсан гишүүнээр сонгогдсон байна. Ингэснээр тус холбоонд монголын сэтгүүлчид өөрсдийн төлөөлөлтэй болж байгаа юм.
 
Олон улсын сэтгүүлчдийн холбоо нь 90 жилийн түүхтэй дэлхийн 140 орны 600 мянган сэтгүүлчийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том сэтгүүлчдийн холбоо юм. Тус холбоо гурван жил тутамд Их хурлаа хийдэг бөгөөд энэхүү хурлаар мөн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгов.
 
Холбооны шинэ ерөнхийлөгчөөр Бельги улсын Филипп Лерут, дэд ерөнхийлөгчөөр Морокко улсын Ионес М.Жахед нарыг тус тус сонгосон байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг