sonin.mn
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт НҮБ-ын бүх гишүүн орон “НҮБ-ын дүрм”-ийн дагуу авах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүхий л талаар туслана гэж заасны дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл / АЗ/-ийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай цэргийн хүч, хэрэгслийн дэмжлэгийг өөрийн боломжоор үзүүлж байх талаар гишүүн орнуудтай зөвшилцсөн байдаг.
 
НҮБ-ын далбаан дор энхийг сахиулах ажиллагаа /ЭСА/-нд 1948 оноос өнөөг хүртэлх хугацаанд 120 орны 1 сая гаруй цэрэг, цагдаа болон энгийн алба хаагчид оролцоод байна. НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний олонхийг хөгжиж байгаа орнууд илгээж байгаа нь эдгээр орнууд энхийн үйлст хувь нэмэр оруулсныхаа төлөө НҮБ-аас багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэг, нөхөн төлбөр авдагтай холбоотой гэж үзэх явдал байдаг. 
 
2014 оны сүүлчээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ нь 5 дугаар хороо буюу захиргаа, санхүүгийн асуудал хариуцсан хороо нь ЭСА-нд оролцож буй энхийг сахиулагчдын нөхөн олговорт хяналт, шалгалт, дүн шинжилгээ явуулсны үндсэн дээр 2014 оны 10 дугаар сарын 30 -наас эхлэн цэргийн алба хаагчдын сард олгодог тэтгэмжийн хэмжээг тогтоожээ.
 
НҮБ-ын ЭСА-нд цэрэг нийлүүлэгч орнуудыг судлан авч үзвэл НҮБ-ын гишүүн 193 орноос 2016 оны 4 дүгээр сарын байдлаар 123 орны 104.773 цэрэг, цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Үүнд цэрэг нийлүүлэгчээрээ тэргүүлэгч орнуудыг авч үзвэл: 
Этиоп - 8,321, 
Энэтхэг - 7,696, 
Пакистан - 7,298, 
Бангладеш -7,051, 
Руанда - 6,141, 
Балба-5,323, 
Сенегал - 3,717, 
Хятад - 3,072, 
Буркина Пасо - 2,921, 
Индонез - 2,843 эхний аравт байна. Манай улс 30-т (948), хойд хөрш 71-т (91), АНУ 75-т (74), Өмнөд Солонгос 38-т (623) жагсч байна. 
 
Цэрэг, цагдаагийн алба хаагчдаас гадна НҮБ-ын 70 жилийн түүхэнд олон үндэстний 5187 иргэд, 2031 сайн дурынхан, 12036 орон нутгийн иргэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна. НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний ердөө 4.5 хувийг Европын холбоо, 1 хувь хүрэхгүй бүрэлдэхүүнийг АНУ илгээж байгаа нь дээрх баримтаас харагдаж байна.
 
Улс орнууд НҮБ-ын ЭСА-нд оролцох үндэсний бодлого нь янз бүр, өөрийн үндэсний эрх ашиг, аюулгүй байдал,гадаад, дотоод хүчин зүйлүүдээс ихээхэн хамааралтай нь ойлгомжтой юм. 
 
Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо, хүчин чадлаас хамааралтай гэж үзвэл Хятад - 2,285,000, АНУ -1,430.000, Энэтхэг -1.325.000, ОХУ - 766,000, Өмнөд Солонгос - 640.000, Балба - 95,000, Монгол -10,850 цэргийн алба хаагчтай хэдий ч дээрх ЭСА-нд цэрэг нийлүүлж буй тоо баримттай харьцуулахад цэргийн хүчний тоо их байхаас шалтгаалж НҮБ-ын ЭСА-нд цэргийн хүчнийхээ хэмжээг нийлүүлэх нь хамааралтай гэж үзвэл огт үгүй гэдэг нь харагдаж байна.
 
Ингээд өөрийн хөрш хоёр орны болон АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Балба гэсэн зургаан орны НҮБ-ын ЭСА-нд цэргийн хүчнээ оролцуулж буй бодлогын талаар харьцуулсан судалгааг авч үзье.
 
1. ОХУ-ын хувьд: Цэргийн номлол болон гадаад бодлогынхоо үзэл баримтлалдаа НҮБ-ын хууль, дүрмийн заалтын дагуу олон улсын ЭСА-нд оролцож болно гэж заасан байдаг. 1973 онд НҮБ-ын Ойрхи Дорнод дахь энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагчийн бүлэгт цэргийн ажиглагч-офицеруудаа анх илгээж эхэлсэн байна. 
 
1991 онд ЭСА-ны оролцоог идэвхжүүлж эхэлсэн бөгөөд нийтдээ НҮБ-ын энхийг сахиулах 30 ажиллагаанд ихэвчлэн 2000 цэргийн ажиглагч -офицеруудаа оролцуулж ирсэн байна. Цэргийн баг, хүчний хувьд түүхэндээ цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальоныг 1992 онд Косово дахь ажиллагаанд оролцуулсан байна. 
 
2015 оны 4 дүгээр сарын байдлаар нийтдээ 68 цэргийн болон цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй бөгөөд эндээс штабын офицероор 2, цэргийн ажиглагчаар 46, үлдсэн 20 нь иргэний цагдаагийн зөвлөхөөр үүргээ гүйцэтгэж байна.
 
2002 онд НҮБ-ын ЭСАГ-тай харилцан ойлгопцлын санамж бичиг байгуулснаар байнгын хүчний тогтолцоонд МИ-24 нисдэг тэрэг -4 нэгж МИ-8 МТ тээвэрлэгч, сөнөөгч нисдэг тэрэг - 4 нэгж, инженерийн хээрийн рот , II шатны эмнэлэг тус тус 1-ийг НҮБ-ын хүсэлтээр 3 сарын дотор дэлгэн байрлуулахаар тохиролцсон байна. 
 
2. Хятад улсын хувьд: НҮБ-ын ЭСА-ны эхний үе 1949-1971 оны хооронд Маогийн дайны тухай онолын үзэл суртлын үүднээс, Солонгосын дайны үед НҮБ-ын хөндлөнгийн оролцооны үүднээс энхийг сахиулах ажиллагаанд оролцохоос эрс татгалзаж ирсэн байна. 
1971 онд НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн болоход энэхүү бодлого өөрчлөгдөж, 
1971-1980 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахгүй, эсрэг байр сууринаас, 
1981-1989 онуудад оролцохгүй дэмжлэг үзүүлэх үүднээс, 
1990-2002 онуудад онцгой нөхцөл байдалд оролцох, 
2003 оноос оролцоог өргөжүүлэх гэсэн бодлогуудыг барьж ирсэн байна. 
 
БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс 2015 оны 5 дугаар сарын 28-нд “БНХАУ-ын цэргийн стратеги” нэртэй Батлан хамгаалахын Цагаан номыг хэвлэн гаргасан бөгөөд үүндээ Зэвсэгт хүчний хүлээх олон талт стратегийн үүргийг тодорхойлсны нэг нь бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг тууштай хамгаалах гэсэн байна.
 
Үүний тулд НҮБ-ын ЭСА, хүмүүнлэгийн авран туслах ажиллагаанд оролцож, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд хүчин чармайлт гаргаж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ нэмэгдүүлэх болно гэсэн байна. Анх 5 цэргийн ажиглагчийг 1989 оны намар Ойрхи Дорнод дахь НҮБ-ын Итгэлцлийг хянах байгууллагын ажиллагаанд, хорин энгийн иргэнийг Намиби улс дахь шилжилтийн үйл явцад дэмжлэг үзүүлэх ажиллагаанд илгээж эхэлсэн бөгөөд хоёр
 жилиин дараа инженерийн 400 хүнтэй 2 ротыг Камбодж дахь ажиллагаанд 18 сарын хугацаатай оролцуулсан байна. 
 
1997 онд зарчмын хувьд, 2002 онд албан ёсоор НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бэлэн байдлын хүчний тогтолцоонд нэгдсэн байна. Мөн онд БХЯ -ны бүтцэд энхийг сахиулах ажиллагааны газрыг байгуулж эхэлснээр энхийн ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлж, 2009 онд Бээжингийн ойролцоох Хуйро /Huairou/ хотод энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийг, 2010 онд Ланфан /Langfang/ хотод иргэний цагдаагийн сургалтын төвийг тус тус байгуулж, ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалт, олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт, дадлагыг явуулж байна. 
 
2007 онд удирдах албан тушаалд анхны НҮБ-ын цэргийн хүчний командлагчийг томилон ажиллуулсан бөгөөд цэргийн хүчин, багийн хувьд ихэвчлэн эмнэлгийн, инженерийн, тээвэрлэлтийн зэрэг салбаруудыг оролцуулж ирсэн байна. 2015 оноос Өмнөд Судан дахь ажиллагаанд анх удаа 700 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон хүртэлх хүч оролцуулаад байна.
 
НҮБ-ын ЭСА-нуудад цэргийн хүчнийг оролцуулж байгаа явдал нь улс орны батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлыг хангахад стратеги, тактикийн түвшинд болон бусад улс орны цэргийн алба хаагчдаас дадлага, туршлага хуримтлуулах чухал үүрэгтэй гэж үзэж байгаагаас гадна улс төрийн хувьд өөрийн хил залгаа улс орнуудад аюул занал учруулахгүй, энх тайванч байдлыг эрхэмлэх, АНУ болон барууны нөлөөг тогтворжуулах, өөрийн улсын нэр хүндийг өргөх замаар их гүрний статусыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж тайлбарлаж байна. 
 
Нөгөө талаар эдийн засгийн хувьд Африк тивд энхийг сахиулах ажиллагааны гуравны хоёр нь явагдаж байгаа явдал нь Хятад улсын энэ бүс нутагт оруулж буй хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж дүгнэж байна. 
 
Цаашдаа ЭСА-ны байнгын хүчний тогтолцоонд 8000 гаруй цэргийн алба хаагч, бусад улс орны 2000 цэргийн алба хаагчдыг өөрийн нутагт сургаж бэлтгэх, энхийн ажиллагаанд нийтдээ 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, үүнээс Африкийн холбооны бэлэн байдлын хүчинд ойрын жилүүдэд 100 сая ам. долларын буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах талаар Хятадын дарга Си Зиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр амлаад байна. 
 
3. АНУ-ын хувьд: НҮБ-ын ЭСА-ны төсвийн ихэнх 28.38% буюу 2 тэрбум гаруй ам. долларыг хандивладаг байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд АНУ нь 5000 гаруй цагдаагийн алба хаагчдыг НҮБ-ын энхийн ажиллагаануудад илгээснээс гадна “Энхийн ажиллагааны санаачлага” сангийн хүрээнд түнш улс орнуудын энхийн ажиллагааны сургалт бэлтгэл, чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлснээр нийтдээ 29 энхийг сахиулах ажиллагаанд 38 орны 200.000 бие бүрэлдэхүүний бэлтгэлийг хангаж оролцуулаад байна. Одоогоор АНУ-аас Либери, Өмнөд Судан, Гайти зэрэг улсуудад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд 40 цэргийн алба хаагч, 50 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Обамагийн засаг захиргаа нь 2015 оны 9 дүгээр сард энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ерөнхийлөгчийн бодлогыг шинээр боловсруулснаар түнш улс орны чадавхийг дээшлүүлэх, хандив болон цэрэг, цагдаа, энгийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхийн хамт тэдний аюулгүй байдлыг хангахад бүрэн анхаарах болно гэсэн байна.
 
4. Энэтхэг улсын хувьд: Тусгаар улс болсон цагаасаа эхлэн НҮБ-ын ЭСА-нд идэвхтэй оролцож ирсэн. Анх Солонгосын дайны үед эмнэлгийн баг, дараа нь мотобуудлагын цэргийн багийг Араб-Израйлын дайны дараах үеийн ажиллагаанд илгээж эхэлсэн түүхтэй. Өнөөгийн байдлаар 7798 цэрэг, цагдаагийн алба хаагчдыг оролцуулж байгаа нь Бангладеш болон Этиоп улсын дараагаар цэрэг илгээгч улсын тоогоороо 3 дугаар байрт орж байна. 
 
Энэтхэг улс нь ЭСА-ны оролцооны талаарх бодлогоо өөрийн стратегийн байршил, цэргийн хүч хэрэглэл, хүн ам, газар нутгийн хэмжээтэйгээ холбон үздэг. Цэрэг, улс төр, дипломатын арга хэмжээний хүрээнд шийдвэр гаргах түвшинд оролцох нь орчин үеийн олон улсын цэргийн ажиллагаанд тавигдаж буй зүй тогтол юм гэж үзэж байна. Герман, Япон, Бразил зэрэг орнуудаас өрсөж НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн болох гэсэн оролдлого байсаар байна.
 
5.Өмнөд Солонгос улсын хувьд: НҮБ-ын гишүүнээр 1991 онд элссэн бөгөөд Сомали улс дахь оролцох тухай хуулийг батлан гаргажээ. Байнгын хүчний тогтолцоонд нэгдсэнээр бэлэн байдлын хүчнийг бий болгож цэргийн 3000 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй бригадыг байгуулаад байна.
 
Улсын гадаад бодлогынхоо үзэл баримтлалд энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь улс төр, эдийн засгийн хувьд ач холбогдолтойгоос гадна хүний эрхийг зөрчиж буй асуудалтай тэмцэх нь улсын ашиг сонирхолд нийцэх, батлан хамгаалах салбарын хувьд байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын цэргийн хүчинтэй хамтарч ажиллах чадварыг дээшлүүлэх гэж үзэж байгаа бол соёлын хувьд бусад улсын соёл иргэншлийг танин мэдэх, суралцахаас гадна өөрийн соёл, урлагийг дэлгэрүүлэхэд оршиж байна.
 
6. Балба улсын хувьд гадаад бодлогодоо НҮБ-ын дүрэм, олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль дүрмийг дагаж мөрдөх, эвсэлд үл нэгдэх, улсын оршин тогтнолыг энхийн замаар шийдвэрлэх зэрэг энхийг эрхэмлэсэн асуудлуудыг тусгасан байна. Үүний хүрээнд гадаад бодлогоо өргөжүүлэх нэг хэлбэр нь НҮБ-ын хүсэлтийн дагуу чадварлаг энхийг сахиулагчдыг илгээх явдал гэж үздэг байна.
 
Балба улс нь 1955 онд НҮБ-ын гишүүн улс болсон ба 1958 онд анхны 5 цэргийн ажиглагчийг Ливан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж эхэлсэн. НҮБ-ын бэлэн байдлын хүчний тогтолцоонд 5000 цэргийн алба хаагч илгээхээр харилцан ойлголцлын санамж бичигт гэрээ байгуулсан. Нийтдээ 43 ажиллагаанд 94.000 энхийг сахиулагчдаа илгээгээд байгаа. 
 
Өнөөдрийн байдлаар15 ажиллагаанд 5089 цэрэг, цагдаагийн алба хаагчдыг илгээгээд байна. Үүгээрээ цэрэг илгээгч орноороо 6 дугаар байрт тэргүүлэгч орны тоонд явж байна. Аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Зэвсэгт хүчин, Зэвсэглэсэн цагдаагийн хүчин болон Цагдаагийн байгууллагууд нь бүгд алба хаагчаа энхийг сахиулах ажиллагаанд илгээдэг байна. 
 
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь алба хааж байх хугацаандаа дор хаяж 1 удаа, удирдах албан тушаалын офицер хэд хэдэн удаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг байна. Балбын Зэвсэгт хүчин нь олон улсын стандарт, мэргэжлийн болон сахилга батын өндөр шаардлагыг ханган биелүүлэхийг чармайн хэрэгжүүлж ирсэн байна. 
 
Үүгээрээ ч жижиг, буурай улсын хувьд гадны түрэмгийлэл, халдлагаас хамгаалах, хөндлөнгөөс оролцох зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалд чухал байр суурийг эзэлсээр байна.
 
Дүгнэлт:
 
Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлс нь урд өмнөхөөсөө илүү их аюул занал дор явагдаж байна. Иймд НҮБ-ын ЭСА-ны хандлага, цар хүрээ улам нэмэгдэхийн хэрээр улс орон бүр өөр өөрсдийн хувь нэмрийг бодлого, боломждоо тулгуурлан дэмжих санал, санаачлагыг гаргаад байна. 
 
Улс орнуудын НҮБ-ын ЭСА-нд оролцож буй байдалд харьцуулалт хийхэд АНУ болон ОХУ нь цэргийн хүчнийг оролцуулах гэхээсээ илүүтэйгээр улс төр, бодлогын түвшинд шийдвэр гаргахад, БНХАУ нь өөрсдийн байр, суурийг тухайн бүс нутагт нэмэгдүүлэх, Энэтхэг улс нь НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний статустай болох, Балба улс нь үндэсний аюулгүй байдлыг хангах зэрэг бодлогуудыг явуулж байна. 
 
Дээрх улс орнуудын НҮБ-ын ЭСА-нд оролцох бодлого, зорилго нь НҮБ-ийн үндсэн зарчмуудад тулгуурласан зорилтыг биелүүлэхэд нэг талаас нэгдсэн санаа, зорилготой мэт боловч нөгөө талаас өөр өөрсдийн эрх ашиг давамгайлсан нь харагдаж байна.
 
БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн дарга, хурандаа Ц.ГАНДОРЖ
Эх сурвалж: "Соёмбо" сонин