sonin.mn
ПАРИС. /Sputnik/. “Charlie Hebdo” шог сэтгүүлийн төв байранд халдлага гарснаас хойш 18 сарын хугацаанд Францад авч хэрэгжүүлсэн терроризмтой тэмцэх арга хэмжээнүүд үр дүнгүй байна гэж тус улсын Ерөнхийлөгч асан Никола Саркози мэдэгдэв.
 
2015 оны нэгдүгээр сард зөнч Мухаммедийг шоглосон нийтлэл гарсны дараа хоёр буутай этгээд Парис хотын “Charlie Hebdo” /Шарли Эбдо/ шог сэтгүүлийн төв байранд халдан 12 хүний амийг хөнөөж, 11 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсан билээ.
 
Үнэндээ өнгөрсөн 18 сарын хугацаанд авсан арга хэмжээ ямар ч үр дүнгүй байна гэж тэрбээр мэдэгдсэнийг “TF1” телевиз уламжилсан байна.
 
Долдугаар сарын 14-нд Францын Ницца хотод Бастилийн өдрийг тэмдэглэж байсан хүмүүс рүү ачааны машин дайран орж, наад зах нь 84 хүний амийг хөнөөж, 300 гаруй хүнийг гэмтээжээ.
 
Халдлага болсноос хоёр хоногийн дараа “Лалын улс” бүлэглэл уг халдлагыг үйлдсэн болохоо мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: " Монцамэ" агентлаг