sonin.mn
АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хамгаалалтад Цагдаагийн байгууллагын 5000 орчим алба хаагч ажиллаж, үүргээ амжилттай биелүүлсэн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэв. ЦЕГ 2014 оны 12 сард АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 125 заалт бүхий төлөвлөгөө боловсруулсан байна. 
 
Төлөвлөгөөний дагуу Дээд хэмжээний уулзалтын үеэр ЦЕГ-ын дэргэд Шуурхай удирдлагын штаб, АСЕМ Вилла болон Буянт-Ухаа орчмыг хамгаалалтад ажиллах хоёр түр хүрээ байгуулж , гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан гэдгийг ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар Т.Энхтогтох онцлов.
 
Тэрбээр, “Энэ сарын 13-18-ны хооронд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн 7 мянга 83 дуудлага хүлээн авсан. Тухайлбал, 3 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож, 20 хэргийг илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 293 хүнийг саатуулж, 7 мянга 26 хүнд торгууль ногдууллаа.
 
АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, бидэнтэй хамтран ажилласан нийт иргэддээ талархал илэрхийлье” хэмээв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг