sonin.mn
МЕХИКО. /TASS/. Венесуэл улсын 120 мянга гаруй иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд хүнс болон эм тариа худалдан авах зорилгоор хөрш Колумб улсын хилийг давжээ. Колумбын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, энэ үеэр ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй байна.
 
Венесуэлийн эрх баригчид тус улсын Тачира муж болон Колумбын Норте-де-Сантандер мужтай залгаа хилээр Колумб руу нэвтрэхийг өөрийн орны иргэдэд зөвшөөрсөн шийдвэрийг энэ сарын 10-нд гаргасан аж.
 
“Өнгөрсөн ням гарагт Венесуэлийн талаас 88 мянга 680 хүн хилээр нэвтэрч наад захын хэрэгцээний эд бараа худалдан авлаа” гэж Колумбийн тал мэдэгджээ. Харин бямба гарагт 35 мянган хүн Колумбын нутагт нэвтэрсэн байна. 
 
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Венесуэл улс эдийн засаг, санхүүгийн гүнзгий хямралд автаад байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн турш нефтийн үнэ унасан нь энэ хямралыг улам даамжруулан хурцатгасан юм.
 
Тавдугаар болон зургадугаар сард хүнс, эм тарианы хангамж эрс муудсанаас үүдэн хэд хэдэн мужид жагсаал цуглаан болох үеэр иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.
 
Ерөнхийлөгч Николас Мадуро-г эсэргүүцэгч сөрөг хүчнийхэн давамгайлдаг тус улсын парламент болох Үндэсний Ассамблейгаас энэ оны хоёрдугаар сард хүнсний салбарт онц байдал тогтоох шийдвэр гаргажээ.
 
Парламентын гишүүдийн үзэж байгаагаар, засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас “хүмүүнлэгийн хямрал” нүүрлэж, “хүнсний аюулгүй байдал алдагдсан” байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг