sonin.mn
Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “ММ” агентлагийн сэтгүүлч, захирал, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монгол ардын намын нарийн бичгийн дарга асан эдүгээ УИХ-ын Гишүүн  Мөнхөөгийн Оюунчимэгтэй ярилцлаа.
 
Дэлхийн эдийн засгийг Монголын сэтгүүл зүйд анхлан тоймлож, бизнес, эдийн засгийн тулгамдсан асуудлаар бэлтгэсэн цуврал нэвтрүүлгээрээ “ММ-ийн Оюунчимэг" хэмээн овоглогдсон сэтгүүлчийн нэг бол Мөнхөөгийн Оюунчимэг юм.
 
Тэрбээр сэтгүүлзүйн салбараас төр засгийн ажилд ханцуй шамлан орж, богино хугацаанд танигдсан амжилтаараа хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийн нэг болсон. 
 
-Ярилцлагаа сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгосноос эхлэх үү. Та мэргэжлээ өөрөө сонгосон уу, аав ээжийнхээ зөвлөгөөг дагасан уу?
 
-Би Хөвсгөлд дунд сургууль төгссөн. Саяхан манай арван жилийнхэн уулзахад ангийн маань хоёр охин мартагдсан дурсамж сануулдаг юм байна. Сургуулиас гэр хүрэх замд “Эрх чөлөө” сонины газар байдаг л даа. Хажуугаар нь явахаараа л би “Одоохон, орчихоод гараад ирье" гээд гүйгээд орчихдог байсан гэсэн. Хоёр найз маань намайг хүлээнгээ орой болтол гадаа нь халтартатлаа тоглодог байсан гэнэ лээ. Багын энэ явдлаа эргээд бодоход би тавдугаар ангид байхдаа л сэтгүүлч болно гээд мэргэжлээ сонгочихсон байсан юм билээ.
 
Манай эгч нар бүгд Зөвлөлтөд их дээд сургууль төгссөн. Эгч нар маань хоёр, гуравхан насны зөрүүтэй. Тэд маань зун амралтаараа ирэхээрээ Монгол болон Оросын телевизийн сувгуудыг их үзнэ. Гоё гоё нэвтрүүлгүүд гарна. Яриаг нь сайн ойлгохгүй ч зөнгөөрөө ойлгодог, телевизээс салдаггүй хүүхэд байсан.
 
Эгч нарын маань хэлж ярьж буй нь, биеэ авч яваа нь надад их гоё сэтгэгдэл төрүүлнэ. Орост болж байгаа, тэнд үзсэн харсан сонин юмнуудаа ярина. Тэгээд л хурдан том болоод ард түмнийхээ дуу хоолой болсон, олон улс орноор явдаг сэтгүүлч болно гэж байж яддаг байлаа. Би их азтай. Тэр үед сэтгүүлч мэргэжлээр суралцах элсэлтийн шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авдаг, тэнцвэл гадаадад явуулдаг байсан юм. 
 
Аравдугаар ангийн шалгалтуудаа урьдчилж өгчихөөд, аавынхаа араар сундалдан мотоцикльтой давхисаар онгоцны буудал хүргүүлж Улаанбаатарт ирж байсан. “Томчуудын хүүхдүүдтэй өрсөлдөөд дэмий юм биш үү” гэж аав ээж минь дургүйхэн байсан ч би зүтгэсээр ганцаараа Улаанбаатарт хөл тавьж байлаа. 
 
Тэгээд хотод ирэнгүүтээ л өглөө нь шалгалтандаа шууд орсон. Сэтгүүлчийн ур чадварын шалгалт өгч, 140 орчим хүүхдээс хамгийн дээд 15 оноо авч, нэгдүгээрт жагсч, Ленинградын Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн орох эрх авч байлаа. 
 
Ленинградад таван жил онц суралцаад сургуулийнхаа удирдлагаас “Гадаадын оюутнуудаас анх удаа олон улсын сэтгүүл зүйн мастер хамгаалсан оюутан боллоо” гэх магтаалыг, “Улаан” дипломын хамт авч байлаа. Дипломоо аваад гэртээ очиход “Миний муу бор охин бор зүрхээрээ зүтгэсээр байгаад мөрөөдөлдөө хүрч чадлаа даа. Охиноо одоо телевизээр л хараад байх нь" гээд аав, ээж хоёр маань жигтэйхэн баярлаж байж билээ.
 
-Та олон улсын сэтгүүлзүйгээр мэргэшсэн цөөн сэтгүүлчийн нэг. Бас эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчийн хувьд Таны хийдэг байсан “Цагийн хүрд”-ийн тойм, “Бизнес ньюс” нэвтрүүлгээс барууны сэтгүүлзүйн уур амьсгал илт мэдрэгддэг байсан. Сэтгүүлч болоод анхнаасаа л эдийн засгийн чиглэлийг барьж ажилласан уу?
 
-Эдийн засгийн сэдвийг түлхүү сонгоход нөхөр маань нөлөөлсөн. “Улс оронд хэчнээн үйлдвэр бий болж, шинээр юу үйлдвэрлэв, ямар үйлдвэр юуны учраас дампуурав, гадаад зах зээл ямар байна, бид юун дээр анхаарах ёстой вэ, үнэ ханш ямар байгаа талаар мэдээлэхгүй юм. Хэдхэн улстөрчийн талаар л гаргадаг нь зах зээлд шилжсэн манай нийгмийн амьдралтай таарахгүй байна. Ийм байвал яаж хөгжих юм бэ” гэсэн.
 
“ММ”-ийн сэтгүүлч надад үзэгчийн хувиар тэр хүн бухимдлаа илэрхийлж байгаа нь тэр л дээ. Тэр үед би парламентын сэтгүүлч байсан юм. Нөхрийнхөө хэлснийг бодсон чинь, нээрээ манайд эдийн засгийг судлаад, бодит мэдээлэл өгдөг, мөнгөний бодлого ярьдаг сэтгүүлч үнэхээр ховор байсан. 
 
Юуны төлөө хоёр ч гадаад хэлтэй билээ, түүнийгээ ашиглаад эдийн засгийн нэвтрүүлэг хийе гэж шийдсэн. Тэгээд өөрөө судалж, хичээж байгаад Германы “Дойч Велл”-ийн эдийн засгийн сэтгүүлч бэлтгэдэг сургалтуудад хамрагдсан. 
 
Эдийн засгийн цуврал нэвтрүүлгүүдээ хийж эхэлсний дараахан Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат гуай над руу утасдаад “Маш чухал нэвтрүүлэг хийж байна. Эдийн засгийн мэдээллийн энэ нэвтрүүлгээ тогтмол явуулаарай. Бид танай сэтгүүлчдийг, чамайг сургалтад хамруулж, эдийн засгийн сэдвээр мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжье” гэсэн санал тавьсан.
 
Тэр шугамаар дахин Голландад сургалтад хамрагдсан. Дараахан нь АНУ-ын Оклахомагийн их сургуульд сэтгүүл зүйгээр мастер хамгаалсан. АНУ- ын Freedom форумын сургалтад сууж төгссөн. Энэ олон улс орноос сурч мэдсэн бүх зүйл минь намайг мэргэжлээрээ өсч дэвжихэд их нэмэр болсон. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдох үндэслэл маань энэ байлаа.
 
-Та бас эрэн сурвалжлах чиглэлээр нэвтрүүлэг хийдэг байсан. Тусламжийн цагаан будааны булхайны асуудлаар бараг 10 гаруй жилийн өмнө нийгмийг шуугиулсан нэвтрүүлэг хийж байсныгтань санаж байна?
 
-Тэр тусламжийн цагаан будааны хэрэг тухайн үедээ үнэхээр булхайтай асуудал байсан л даа. Манай хил, гааль, мэргэжлийн хяналтынхан оролцсон тэр үедээ маш том хэрэг байсан. Төр, засаг ч анхаарал хандуулснаар сэтгүүлчийн маань ажил үр дүнд хүрч чадсан. 
 
Бас банк санхүүгийн салбарт үүсээд байгаа булхай, хууль бус мөнгө угааж байсан тухай, төрийн албан тушаалтнуудын авлигатай холбоотой асуудал гээд эрэн сурвалжлах чиглэлээр амь өрссөн олон сурвалжлага хийсэн. Үүнийхээ төлөө олон ч удаа дарамт шахалтад өртсөн. Манай хүүгийн сургууль руу хүмүүс утасдаж сургуулиас нь гарга гэж хүртэл шахаж байсан. Гэсэн ч няцаж буцаж байсангүй. 
 
Хотгойд өвгө дээдсийн минь дайчин, тэмцэгч, тууштай чанар цусаар минь гүйж байгаа болохоор би бууж өгөх дургүй. Ер нь сэтгүүлчийн ажил эрсдэл ихтэй. Хамгийн чухал нь өөрөө л үзэл бодол, ажилдаа тууштай байх хэрэгтэй.
 
Өнөөдөр манай мэргэжлийн энэ салбарт мөнгөтэй эзэд хэт замбараагүйгээр орж ирснээр улстөрийн нөлөөлөлд асар их орчихлоо. Үүнийг дагаад улстөрч, сэтгүүлч хоёрын нэр хүнд их унасан. Энэ бол захиалгат сэтгүүлзүйтэй холбоотой. 
 
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд захиалгат сэтгүүлзүйн орон зайг үгүй болгохын төлөө явах хэрэгтэй байна. Ер нь үнэнийг бичсэнийхээ, мэдээлснийхээ төлөө загнуулж, дарамтлуулж, янз бүрээр хэлүүлж байгаагүй “цагаан гар”-тай сэтгүүлч бидний үеийнхэн дунд цөөхөн дөө.
 
Долоон хүүхдийнхээ боловсролд багаас нь анхаарсан аав, ээждээ баярладаг 
 
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Таны хувийн амьдралыг, гэр бүл, удам угсааг тань сонгогчид сонирхох нь лавтай шүү дээ. Аав, ээж, гэр бүлийн хүн тань ямар мэргэжилтэй, ажилтай хүмүүс вэ?
 
-Манай аав, ээж хоёулаа Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул. Удам судар, угсаа гарлаа хөөвөл манайхан хотгойдууд. Аав маань жолооч-механик, ээж маань эрүүл мэндийн салбарын хүн. Аав маань хоёр жилийн өмнө өөд болсон. Ээж маань одоо тэтгэвэрт. Бид аав, ээжээсээ долуулаа. Хоёр ах, гурван эгч, нэг дүүтэй. 
 
Нөхөр маань Ленинградын Төмөр замын дээд сургууль төгссөн, инженер техникийн мэргэжилтэй. Хувийн хэвшилд ажилладаг. Бид хуучнаар ЗХУ-д оюутан байхдаа нэгдүгээр курстээ танилцаж гэр бүл болоод өнөөдрийг хүртэл хамтдаа зүтгэж байна. Хоёр хүүхэдтэй. Хүү маань бас их хичээл зүтгэлтэй, толгой сайтай. Английн хуулийн сургуульд өөрөө шалгалт өгч тэнцээд сурахаар явсан. Охин маань хоёрдугаар ангийн сурагч. 
 
Би аав, ээжээрээ маш их бахархаж, баярлаж явдаг. Хүүхдүүдээ бага байхаас нь боловсролтой болгоход анхаарч, “Шударга, үнэнч бай. Ноён нуруутай бай” гэж сургасан нь одоо үр хүүхэд биднийг зөв амьдрахад их хэрэг болж байна даа.
 
-Мөнхөө гуайн охидууд толгой сайтай, бүгдээрээ Орост их дээд сургууль төгссөн гээд Мөрөнгийнхөн анддаггүй юм билээ. Хөдөөний айлын дөрвөн охин бүгдээрээ гадаадад сурна гэдэг бас тэр үед ховор тохиолдол байх шүү?
 
-Тэр үедээ бол ховор байсан. Манай хоёр эгчийн нэг нь Эрхүүд, нөгөө нь Москвад дээд сургууль төгссөн. Хүмүүс аавд маань хэлдэг байсан гэсэн. “Мөнхөө гуай, танай охидууд Орост үүрээ засчихсан юм уу, бүгдээрээ л тийшээ сурахаар явах юм” гэж. 
 
Гэхдээ аав, ээжийн маань талынхан бүгд сийрэг толгойтой, нутаг усандаа нэр хүндтэй, хариуцлагатай хүмүүс байсан. Аавыг маань Хөвсгөлийнхөн андахгүй. Юм юманд авьяастай, нутаг усандаа хүндлэгдсэн хүн байсан. Ээжийн маань талынхан ч гэсэн нэр хүндтэй, боловсролтой хүмүүс бий.
 
Миний нагац ах Чулуунбаатар гээд Улс төрийн товчооны гишүүн, Хөвсгөл аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга гэх мэтийн ажил хийж төрд өндөр алба хашиж байсан. Тийм болохоор үр удам нь болсон бид хэд өнөөдөр ажил мэргэжилдээ эзэн болж тус тусдаа амжилттай яваа маань өвгө дээдсийн маань ген байх аа.
 
2008 онд эдийн засаг өнөөдрийнхөөс илүү хүндэрсэн үед засгийн газрын багт орж ажилласан 
 
-“ММ”-ийн Оюунчимэг Монгол ардын намын нарийн бичгийн даргаар сонгогдоход олон хүн гайхаж байсан л даа. УИХ-ын сонгуульд Монгол ардын нам ялагдсан, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох нь эргэлзээтэй үед намын Бага хурал хуралдаад таныг Намын нарийн бичгийн дарга гэх өндөр хариуцлагатай албан тушаалд томилчихсон. Заалнаас таныг гэнэт нэр дэвшүүлсэн гэдэг юм билээ. Тэр үед та өөрөө ямар байр суурьтай байсан бэ?
 
-2012 оны сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл би гурван жил Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажилласан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг хангахтай зэрэгцээд МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ удирдлага, шинэ багтайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Тэгээд намын нарийн бичгийн даргад намайг заалнаас нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүдийн саналаар нарийн бичгийн дарга болсон. 
 
Миний хувьд энэ бол намын гишүүдийн маань надад хүлээлгэсэн гэнэтийн шийдвэр байсан. Ер нь бол яагаад Монгол ардын намын гишүүн болов гэж олон хүн асуудаг. Миний хувьд сэтгүүлчээр ажиллаж байгаад шууд улс төрийн намд ороод албан тушаал хөөгөөд явчихсан юм биш л дээ. Яг замнал маань бол сэтгүүлчээс төрд, төрөөс улс төрд орсон. 
 
"ММ”- ийн сэтгүүлчээр ажиллаж байхад маань буюу 2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сайд над руу ярьж Засгийн газарт ажиллах санал тавьсан. 2008-2009 он бол дэлхийн санхүүгийн хямралын сүүдэр Монголд нүүрлэсэн, зуд турхан болж, эдийн засгийн өсөлт хасах руугаа орсон хүнд үе байсан. 
 
Ийм хүнд үед эрх баригч нам болсон Монгол ардын намын дарга Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газраа байгуулахдаа эдийн засгийн мэдлэгтэй, шинээр сэтгээд өөрчлөлт хийх чадвартай хүмүүсийг татаж багаа бүрдүүлье гэсэн зорилго тавьсан юм билээ. Хэвлэлийн албандаа ч эдийн засгийн мэдлэгтэй, эдийн засгаар дагнасан, гадаад хэлтэй сэтгүүлчийг авч ажиллуулахаар шийдсэний дагуу надад энэ саналыг тавьсан юм билээ. 
 
Тухайн үед би 15 жил “ММ”-дээ ажилласан байсан тул телевизийнхээ хамт олноос холдмооргүй байсан. Тэгээд аав, ээж гэр бүлийнхэндээ хэлсэн чинь аав, ээж маань “Чи өдий хүртэл ажиллаж, ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн сайхан мэргэжлээ сольж ажиллах дэмий дээ, хүү минь” гэж дургүйцсэн. 
 
Харин найз нөхөд, нөхөр маань “Оюунаа, чи хөгжих хэрэгтэй. Сэтгүүлчээр ажиллаад нэг байрандаа зогсчихож болохгүй. Чи төр, засгийн ажлыг 15 жил гаднаас нь харж ярилаа. Одоо дотор нь ороод ажиллавал сайн муу, болдог, болдоггүйг нь бодитоор нь харна. Чамд ч хэрэгтэй, нийгэмд ч хэрэгтэй. Чиний цаашдын хөгжилд ч хэрэгтэй” гэж зөвлөсөн.
 
Энэ зөвлөгөө хувийн бодолтой минь нийлсэн учир сонголтоо хийж, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч болсон. Энэ бол миний амьдралд гарсан шинэ өөрчлөлт, боломж гэж хардаг.
 
-Улстөр бол хатуу тоглоом гэдэг. Энэ хатуу тоглоомд эмэгтэй хүн манлайлагч байх нь ихээхэн зориг, шантаршгуй, тууштай байдал шаарддаг байх. Харин Та үүнд юу гэж хариулах вэ?
 
-Эмэгтэйчүүд улс төрийг зөөллөнө гэсэн чиг хандлага сүүлийн үед дэлхий даяар өргөжин тэлж байна. Улс орнууд ийм бодлого барьж эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулж, эмэгтэйчүүдээр манлайлуулах хандлага хүчээ авч байна. Хаа сайгүй эдийн засаг хямарч буй өнөө цагт зөөлөн улстөр маш чухал гэдгийг дэлхийн удирдагч нар хүлээн зөвшөөрч эхэллээ.
 
Канадын Ерөнхий сайд Жастин Трудо багийнхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлснээр Канад улсын хөгжил өөр шатанд гарч байна. Японы Ерөнхий сайд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд хөдөлмөрийн зах зээл дээр болон эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийнхээ хүч чадлыг давуу ашиглах хэрэгтэйг хүлээн зөвшөөрлөө.
 
Сая Хиллари Клинтон “Хэрвээ би ялах юм бол багийнхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ” хэмээн зарлалаа. Манай улстөрийн намууд сонгуульд нэр дэвшигчдийнхээ 20 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхээр боллоо. 2016 оныг тодорхойлсон гурван гол үгийн нэг нь “эмэгтэйчүүд” гэсэн үг бий.
 
Яагаад гэвэл дэлхийг нэг “улс” гэж үзвэл дэлхийн том том төв банкууд, Олон улсын валютын санг эмэгтэй хүн удирдаж байна. Дэлхийн их долоон гүрний нэг Германыг эмэгтэй хүн удирдаж байна. Эмэгтэйчүүдийн зөөлөн улс төр буюу мяндсан ухаан, хүчээр бус эв дүйгээр асуудлыг шийдэх чадвар нь маш чухал гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон. Сая Далай багш хүртэл “Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд олноор оруулж байж дэлхийгээ аварч чадна” гэж хэллээ шүү дээ.
 
-УИХ улс төрийн намуудын зөвшилцөл нэрээр хуйвалдааны үүр уурхай боллоо гэдэгтэй та санал нийлдэг үү?
 
-Төрийг хямруулж, хуйвалдааны үүр уурхай болгосон гол зүйл бол шунал, эрх мэдэл, мөнгө гурав. Энэ гурвыг хазаарлаагүй цагт Монголын төр олигтой нар үзэхгүй гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн. Энэ бол үнэн үг. Би дэмждэг. УИХ бол бизнесийн байгууллага биш. Зөвхөн төрийн бодлогыг тодорхойлдог улс төрийн бодлогын л газар юм.
 
Тиймээс шинэ улс төрийг эхлүүлэх шаардлага тулгарч байна. Шинэ үеийнхэн мөнгөөр биш мэдлэг боловсролоороо улс төрд орох ёстой. УИХ бол ард түмний асуудлыг шийдэж байх ёстой төлөөллийн байгууллага. Гэтэл өнөөдөр УИХ-ыг бүлэг, фракцын эрх ашигт нийцсэн хууль тогтоомж гаргадаг, баян хүмүүсийн өөрийгөө болоод өмчөө хамгаалдаг цайз болгон хувиргачихаад байна. Энэ цайзыг нураахын төлөө би ажиллах болно.
 
Манай тойргийн онцлог төрийн бодлогыг гэр бүлд оруулахыг шаардаж байна 
 
-Таныг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр судалж байгаа гэсэн яриа хавраас л сонсогдож эхэлсэн. УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшихээр болсон нь таны сонголт байв уу, намын сонголт байв уу?
 
-Нам нэр дэвшигчдээ сонгохдоо нэлээд судалсан. Хувь хүний мэдлэг боловсрол, ажлын туршлагаас эхлээд нэр цэвэр байдлыг нь гол шалгуураа болгосон. Миний хувьд УИХ-ын 64 дүгээр тойрогт нэр дэвшсэндээ баяртай байгаа. Тойрогт маань нийтдээ гэр хорооллын бүс багтаж байгаа. 
 
Нийгмийн тулгамдсан асуудал олонтой, сургууль цэцэрлэг хүрэлцээгүйгээс эхлээд амьдралын боломж нөхцөл тааруу, олон айл өрхтэй зэрэг нь эмэгтэй хүн, эх хүний хувьд энэ тойргийг сонгоход нөлөөлсөн. Суурьшлын бүсээс шалтгаалаад орон сууц, гэр хороолол, эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрх зөрчигдөж байгааг Монгол төрийн бодлогоор зохицуулах ёстой. 
 
Би Монголын Үндэсний телевизийн "ММ” агентлагтай ажил амьдралаа холбосноос хойш. 15 жилийг телевизийн энэ хонхортоо өнгөрөөсөн. Энд бүртгэлгүй болохоос биш өглөөнөөс орой болтол амьдарч, гэртээ шөнөдөө л очиж унтдаг байлаа. Манай телевизийнхэн, сэтгүүлчид ер нь ажил дээрээ л амьдардаг хүмүүс шүү дээ.Тийм болохоор энэ хавийнхаа амьдралыг сайн мэднэ. Намаасаа нэр дэвших эрхээ аваад тойргийнхоо байдалтай, хороодын амьдралтай нарийвчлан танилцлаа. Тойргоо хэд дахин тойрлоо. Гүнд нь орж нэг бүрчлэн танилцаж, судлахыг хүслээ.
 
Нийслэлийн иргэн байж нийслэлдээ ингэж амьдарч байх гэж дээ гэж халагламаар айл өрхүүд олон байна. Төр засгийн нүднээс далд, бодлогоос ангид монгол хүн гэж байх учиргүй. Эмэгтэй хүнийхээ хувьд үнэхээр сэтгэл сэмэрч, зүрх шимширч өмнө нь тэднийг төлөөлж төрд сонгогдсон хүмүүс юу хийж байсан юм бэ гэж халагламаар санагдсан.
 
“Далан давхар’’-ын чимээгүй хоттой хаяа нийлсэн хүмүүсийн амьдрал манай тойрогт байна. Тэнд ажилтай, орлоготой айл өрх маш цөөхөн. Хоногийн хоолоо яаж залгуулдаг вэ гэвэл, “Хүчит шонхор" зах дээр очиж нэг хонины толгойг 200 төгрөгөөр угаадаг хүн байна. Өдөрт 100 толгой угаагаад 10 мянган төгрөг авчирч гэр бүлээ хооллодог, зах дээр хаягддаг өөх шуудайлж авчраад галаа түлж, гэрээ дулаацуулдаг айл байна. 
 
Шулсан ясаар шөл хийж уугаад, ясыг нь түлдэг айл ч байна. Тэнд байгаа айлууд өөх, яс шатааж агаар бохирдуулж байна гэж албан тушаалтнууд ярих нь утгагүй. Орсон айл болгонд хоёр, гуравхан настай нялх хүүхэд хоёр, гурав, дөрөв, тавуулаа өлөн зэлмүүн байна. Ханиад хүрсэн ч бидэн шиг эмнэлэг эм тариа гээд гүйж чадахгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай мэдээлэл ч байхгүй.
 
Хүүхэд нь халуурч, ханиад хүрвэл ээж нь өлөнгөөрөө аргалдаг ардын жор өнөөдөр хүртэл үйлчилж байна шүү дээ. Харин сайн, муугаар хэлүүлдэг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар л ойлгож, чадлаараа тусалдаг. Хоногийн хоолгүй айлуудыг хүнсний талонд хамруулж байна.
 
XXI зууны Монгол Улсын нийслэлийн иргэд ингэж амьдарч байгаа нь мөнгө тараахаас хэтрэхгүй болсон төр, засгийн бодлого нийгэм рүү чиглэж, хүндээ хүрч чадахгүй байгаагийнх. Энэ хандлагыг зайлшгүй өөрчлөх цаг нь хэдийнэ болсон. Тийм учраас өрх бүрт хүрч чадахгүй байгаа төрийн бодлогыг өөрчлөхийн төлөө би зүтгэхээр эргэж буцахгүйгээр шийдсэн. Үг, үйлдэлдээ эзэн байх улс төрийн соёл бий болгоно.
 
-Одоо компанийн захирал, эзэд гээд маш олон хувийн бизнестэй хүмүүс төрийн эрх барих дээд байгууллагад буюу УИХ-д байна. Үүнийг зарим хүмүүс биеэ засаад, гэрээ засаад, төрд орлоо, зүгээр гэдэг. Харин таны хувьд?
 
-Одоо УИХ-д бизнесийн ашиг сонирхолтой, эсвэл худлаа хоосон ярьж эсэргүүцсэн хүмүүс хэрэггүй ээ. Харин одоо эдийн засаг, нийгмийн чиглэлээр төрийн бодлогыг тодорхойлж чадах мэргэжлийн баг л УИХ-д хэрэгтэй. Ийм бодлого боловсруулж хийж чадах хүмүүсийг УИХ-д сонгож чадвал төрийн бодлого нь өрх гэр бүл, нийгмийн гүнд хүрч нэг биш нийт иргэдийнхээ амьдралыг өөд татаж чадна шүү дээ.
 
Иргэдэд төрийн хайр халамж хэрэгтэй 
 
-Гэр хорооллынхны хувьд дахин төлөвлөлтийн асуудлыг их сонирхдог. Таны хувьд энэ асуудлын талаар ямар байр суурьтай байдаг вэ?
 
-“Дахин төлөвлөлт” гэж ярьж эхлэхэд орон сууцанд амьдрах нь гэсэн итгэл найдвар төрсөн, бидний амьдралд өөрчлөлт гарах нь, газар, хашаа маань үнэд хүрэх нь гэж их хүлээсэн. Гэвч одоо бахь байдгаараа” гэж иргэн бүр шахам хэлж байна. 
 
Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг зүгээр нэг байшин барих тухай асуудал биш. Бүхэл бүтэн цогц хорооллын хэмжээнд бүтээн байгуулж нийгмийн асуудлыг нь давхар шийдсэн байх учиртай. Иргэд ажилтай, орлоготой, хүүхэд нь сургууль цэцэрлэгт хамрагддаг, аюулгүй эрүүл орчинтой, төрийн үйлчилгээ иргэнд хүрдэг ийм цогц ойлголт. Энэ ойлголтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх боломжтой.
 
Энэ шийдлийг Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан. Орлоготой хүмүүс зээлд хамрагдаад орон сууцтай болдог шиг хашаа байшинд амьдардаг хүмүүс хашаа байшингаа Ипотекийн зээлд хамруулах бүрэн боломжтой. 
 
Хөнгөлөлттэй зээлээр хашаандаа амины орон сууц бариулаад дулаан, цэвэр бохир усны шугамд холбогдчих боломж байгаа. Гагцхүү хийхэд сэтгэл л дутсан. Ийм боломжийг хийж хэрэгжүүлнэ гэж нам мөрийн хөтөлбөртөө тусгасан, би үүнийг хэрэгжүүлэхийн тулд хөөцөлдөж, нэхэн шийдүүлнэ.
 
Манай тойрогт тулгамдсан асуудал дахин төлөвлөлтөөс гадна сургууль, цэцэрлэг юм. 8, 11 дүгээр хороонд огт цэцэрлэг байхгүй. Мөн 8 дугаар хороонд сургууль ч байдаггүй. Гэтэл энэ хороо гурван сумын дайтай буюу 5000 хүн амтай. Эдний дунд хэдэн сургуулийн насны, хэдэн цэцэрлэгийн насны хүүхэд байж болох вэ. 
 
Эцэг эхчүүд нь маш холоос өглөө оройдоо хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр Дүүргээс дүүрэг рүү, хорооноос хороо руу явж байна. Сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй нь гэртээ цоожтой хаалганы цаана үлддэг. Бяцхан үрсийн маань сурч, боловсрох, хөгжих эрхэнд юу ч саад болох ёсгүй. “Самурай", “Чингис бонд”-ын 20 хувийг сургууль, цэцэрлэг барихад зориулсан бол энэ асуудал шийдэгдсэн байх байлаа.
 
13 мянган хүн амтай 7 дугаар хороонд сургууль байхгүй, хоёрхон цэцэрлэгтэй. 13 мянган хүний 25 хувь нь ажилгүй, орлогогүй. Ийм жишээ татаад яривал бүх хороо ижилхэн. Бүх хороонд дэд бүтэц маш муу, зам байхгүй. Манай эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилд “Самурай”, “Чингис” бонд гээд гаднаас маш их зээл авлаа. Энэ мөнгө хаашаа явав. 
 
Хэдэн цэцэрлэг, сургууль барьчих боломж байв. Хэрвээ энэ мөнгөний 20 хувийг сургууль, цэцэрлэг барихад зориулсан бол сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг толгой өвдөхгүйгээр шийдсэн байх ёстой байсан. Хамгийн хүнд 7, 10 дугаар хороогоор явж байгаад 8, 9, 11 дүгээр хороо руу ороход арай нэг сэтгэл уужирч, овоо доо гэж бодож байлаа. Иргэдийн нийгмийн идэвхтэй хэсэг нь “Үе үеийн Засгийн газарт асуудал тавилаа, УИХ- ын гишүүдэд хандлаа, Шийдэгдэхгүй байна” гэж ярьж байна.
 
Уг нь намар болгон төсөв хэлэлцэхэд УИХ-ын гишүүдэд тойргийнхоо сонгогчдын өмнө тулгамдсан асуудлыг шийд гээд тэрбум тэрбумаар мөнгө төсөвлөж өгдөг. Энэ мөнгөөр хэдэн сургууль, хэдэн цэцэрлэг барих бүрэн боломжтой. Гэтэл нэг ч алга. Үүнийг нэг мөр шийдэх боломж байна. 
 
Тиймээс Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлье, сургуулийн нэг ангид 30- аас илүүгүй хүүхэдтэй, хоёр ээлжээр хичээллэнэ гэж бодлого тодорхойлоод шийдэх гарцыг маш тодорхой оруулсан. Гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд цалин өгөхөөр хөтөлбөр боловсруулсан. Хэрэгжсэнээр хүүхэд бүр сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй бол хүүхдээ харж байгаа аав, ээж нь цалинтай болох юм.
 
Төрийн бодлогын алдаа, эдийн засгийн хямралын хамгийн хар сүүдэр нь ажилгүй, орлогогүй, мэдээлэлгүй иргэдэд хамгийн хүнд туссан байна. Амьдралын төлөө тэмцэх хүсэлтэй, төрийн бодлого хүлээлгүйгээр ямар ч ачааг үүрээд хамаагүй явах хүсэлтэй иргэдэд өрхийн орлогыг дэмжих жижиг бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.
 
Аж ахуйн нэгжүүдэд бизнесээ эргэлдүүлэх мөнгө байхгүй учраас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр хүртээмжтэй хангах шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдэх зам нь нөгөө л санхүүжилтийн асуудал. Намын мөрийн хөтөлбөрт шийдэх гарцыг тусгасан. “Итгэлийн зээл"- ийг бий болгож, жижиг дунд, бичил бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжинэ.
 
Ажилгүйдлийг шийдэхийн тулд ажлын байрыг олноор бий болгоно. Тухайлбал, 21:100 хөтөлбөрөөр 21 аймагт гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 үйлдвэр барьж ашиглалтад оруулна. Үр дүнд нь хамгийн багаар бодоход жилд 50 мянга хүн ажлын байртай болно.
 
“Атрын аян”, "Монгол мал” зэрэг хөтөлбөрүүд олон хүнийг ажлын байраар хангасан. Харамсалтай нь улс төрийн шалтгаанаар зогссон. Тиймээс цаашид Монгол ардын нам “Оюутолгой”, “Тавантолгой” болон өмнөх сайн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлнэ. 
 
Мэдээж томоохон төслүүдийг эргэлтэнд оруулснаар улсын эдийн засагт мөнгө эргэлдэж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд сэргэнэ. Энэ мэтчилэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийнхээ амьдралыг XXI дүгээр зууны иргэн ямар орчин нөхцөлд амьдрах тэр хэмжээнд хүргэхийн төлөө ажиллана.
 
-Та төгсгөлд нь сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ?
 
-Өнөөдөр энгийн ард иргэдэд маань төрийн хайр халамж үгүйлэгдэж байна. Би эх хүний хувьд энэ орон зайг Чингэлтэйчүүддээ дүүргэж, гарц, шийдлийг олохын төлөө ажиллах болно.
 
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Эх сурвалж: "Сэрүүлэг" сонин