sonin.mn
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд 70 жилийн түүхт Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид илүүрхэн өнгөллөө.
 
Үндэсний баяр наадамд амжилттай сайн оролцсон Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны бөхчүүд, харваачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Батлан хамгаалахын сайдын хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, яамны газар, хэлтсийн удирдлагууд, "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар байлцсан юм.
 
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баяр хүргэж хэлсэн үгэндээ "Юуны өмнө Зэвсэгт хүчний тамирчид та бүхэндээ одтой сайхан наадаж, наадамчин олноо баясгасан сайхан барилдааныг үзүүлсэн явдалд баяр хүргэе. Олон тэгш ой тохиосон энэ жилийн наадмыг хүмүүс "Алдар"-ын наадам, Зэвсэгт хүчний наадам боллоо гэж онцолж байна. Аргагүй үнэн үг юм. Баяр наадмын түрүү бөх манайх, үзүүр бөх нь бас л манай Зэвсэгт хүчний тамирчид байлаа.
 
Хоёр харцагатай, 14 начин цолтон шинээр төрсний 7 нь манай "Алдар"-ынх. Урианхай сурын харваанд алтан медаль, хүүхдийн сурын харваанд хүрэл медаль гээд бахдам сайхан амжилттай оролцлоо. Та бүхнээрээ бахархаж байна. Энэ бүх амжилтын цаана хувь хүний хөдөлмөр, хөлс, зүтгэл, чармайлалт байгаа.
 
Бас түүний цаана биеийн тамирын төлөөх, салбарын алба хаагчдын бэлэн байдлын төлөөх БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа олон ажил байгаа гэдгийг та бүхэн мэднэ. "Алдар" спорт хорооны шинэ цогцолбор байртай болж, тамирчид маань бэлтгэл сургуулилтаа тасралтгүй гүйцэтгэх том боломж бүрдсэн.
 
Ингээд удахгүй болох Рио-2016 олимпод "Алдар"-аас оролцох 11 тамирчиддаа амжилт хүсч баяр хүргэе. Түүхт 70 жилийнхээ босгон дээр амжилт бүтээл арвинтай байгаа та бүхнээрээ бахархаж байна" гэсэн юм.
 
Батлан хамгаалахын сайдын тушаалаар Үндэсний бөхийн барилдаанд 10 давж түрүүлэн "Монгол Улсын Аварга" цол хүртсэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тамирчин, дэслэгч Ч.Санжаадамба, 9 давж үзүүрлэж "Монгол Улсын арслан" цол хүртсэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэслэгч Р.Пүрэвдагва нарт хоёр өрөө байр олгох батламж, мөнгөн аяга гардууллаа. Мөн шинээр улсын харцага, начин цол хүртсэн тамирчдад мөнгө аяга, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн.
 
Мөн Батлан хамгаалахын "Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэслэгч Р.Пүрэвдагва нарыг шагналаа. "Дайчин алдар-1" медалиар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Х.Гантулга, "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол Улсын хошой мэргэн, ОУХМ, ахмад Д.Норжмаа нарыг шагналаа.
 
"Эх орны төлөө-1" хүндэт тэмдэгээр "Алдар" спорт хорооны тамирчин, ахлагч Л.Шинэбаатар, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дугаар ангийн ахлагч Б.Дэлгэрсайхан, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Б.Чимэдвандан, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн ахлагч Ц.Чимэддорж, "Алдар" спорт хорооны тамирчин, ахлагч Ц.Нямдорж, "Алдар" спорт хорооны тамирчин Б.Ганзориг, "Алдар" спорт хорооны тамирчин М.Бат-Отгон, урианхай сурын харваанд алтан медаль хүртсэн "Алдар" спорт хорооны тамирчин Ж.Энхбат нарыг шагнасан юм.
 
"Халх сурын харваа"-нд хүрэл медаль хүртсэн өсвөрийн харваач Х.Цогтбаяр нарт дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн юм. Энэхүү арга хэмжээний даргаа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон даргын зөвлөлийнхөн "Алдар"-ынхныг хүлээн авч баяр хүргэж, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулав.
 
Тэрбээр түүхт 70 жилийнхээ босгон дээр олон амжилт бүтээлтэй байгаа тамирчиддаа баяр хүргээд одоо та бидний өмнө Рио-2016 олимп хэмээх том ачаа бий. Бризалийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээе" гэсэн юм.
 
Дашрамд сонирхуулахад, 1985 онд "Алдар" спорт хорооны хоёр бөх Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд үзүүр, түрүүнд үлдэж байсан бол энэ түүх 31 жилийн дараа буюу энэ жил дахин давтагджээ.