sonin.mn
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн манай улсад хийж байгаа айлчлалын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудалд Монгол-Солонгосын бизнес форум боллоо.
 
БНСУ нь манай улсын гадаад худалдааны дөрөв дэх том түнш бөгөөд хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж, гадаад хөрөнгө оруулалтаараа долоодугаарт жагсдаг. 1990-ээд оноос хойш тус улсын бизнесмэнүүд манай улсад нийтийн хоол, зочид буудал, эрүүл мэнд болон IT-гийн чиглэлийн бизнесийг эрхэлж ирсэн. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн энэ удаагийн айлчлалын хүрээнд эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч гэх мэт томоохон төслүүдийн эхлэлийг тавиад байгаа энэ үед тус форум боллоо. 
 
Нөгөөтэйгүүр МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан уг форумд Өмнөд Солонгосын талаас томоохон компаниудын 190 орчим төлөөлөл, манай талаас 200 бизнес эрхлэгч, албаны хүмүүс оролцлоо.
 
Ингэснээр энэхүү форум нь өмнө болж байсан уулзалтуудаас цар хүрээний хувьд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, ач холбогдлын хувьд өндөрт өргөсөн арга хэмжээ болж байгааг манай улсын талаас онцолж байв.
 
Хатагтай Пак Гын Хэ энэ үеэр хэлсэн үгэндээ БНСУ нь дэвшилтэт технологи бүхий хүчирхэг үйлдвэрлэгч орон бол Монгол Улс байгалийн баялгаар дэлхийд дээгүүрт ордог. Иймд хоёр орон бие биенээ нөхөх таатай боломж байгааг онцлоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн нөөц бололцоо байгааг тэмдэглэсэн юм.
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавын хувьд энэ удаагийн форум нь хоёр талын бизнесийн салбарыг ахьсан түвшинд авчирна гэдэгт итгэлтэй илэрхийлээд монголын бизнесмэнүүд олон улсын түвшинд ажил үйлчилгээгээ авчирч, тэдний талаас тавьж буй стандарт хүрэх шаардлага тулгарч байгааг тодотгов.
 
Ийнхүү хатагтай Пак Гын Хэ ийнхүү Монгол-Солонгосын Бизнес форумд өөрийн биеэр оролцож хоёр орны бизнес, эдийн засгийн харилцаанд өндөр ач холбогдол өгөв. Энэ үеэр хоёр талын төлөөлөгчид долоон илтгэл тавьж хоёр улсын ААН, байгууллагууд харилцан ойлголцох, хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг