sonin.mn
СИДНЕЙ. /ВВС/. Австралийн Ерөнхий сайд тэнгисийн цэргийн флот байгуулах томоохон төсөл хэрэгжүүлэх зорилгоор сайдын орон тоог нэгээр нэмлээ.
 
Малкольм Тернбуллын консерватив эвсэл саяхан болсон сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй бөгөөд Засгийн газрын гишүүдийг бүрдүүлэх үеэр тэрбээр ийм шийдвэр гаргажээ.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Франц улс Австралийн батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар дахь хамгийн том гэрээний гүйцэтгэгчээр шалгарсан билээ. Ингэснээр 50 тэрбум австрали долларын энэ гэрээг саяхан томилогдсон Цэргийн аж үйлдвэрийн сайд Кристофер Пайн хянах үүргийг хүлээж байна.
 
Өмнөд Австралид тэнгисийн цэргийн флот байгуулахаар болсон нь хэдэн мянган ажлын байрыг бий болгож, тус мужийн эдийн засгийн хөгжилд  түлхэц болох юм. Энэ төлөвлөгөө Австралийн батлан хамгаалах салбарт томоохон өөрчлөлтийг авчирна гэж тус улсын Ерөнхий сайд үзэж байна.
 
Тэрбээр "энэ бол том боломж, эрс шинэчлэл бөгөөд үүнд нэмэлт удирдлага, хяналт хэрэгтэй. Энэ хөтөлбөр Австралийн аж үйлдвэрийн ирээдүйд маш их ач холбогдолтой" гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг