sonin.mn
АБУЖА. /ВВС/. Өмнө нь “Боко Харам” бүлэглэлийн хяналтад байсан Нигерийн Борно мужид 250 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн ноцтой дутагдалд ороод байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэв. Тэдгээр хүүхдүүдэд тусламж үзүүлэхгүй бол хэдэн арван мянган хүүхэд амь насаа алдах аюул ойрхон байна гэж тус сан анхаарууллаа.
 
“Боко Харам” бүлэглэлийн босогчдын хяналтад байсан газар нутагт амьдардаг иргэд ус, хоол хүнсний хомсдолд орсон байсан бөгөөд босогчдоос айн дүрвэсэн хүмүүс өлсч үхсэн байна гэж тус байгууллага өнгөрсөн сард мэдэгдэж байв.
 
Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл нь долоон жилийн турш Нигерид халдлага, хүчирхийлэл үйлдэж, 20 мянга гаруй хүний амийг хөнөөж, 2 сая гаруй хүнийг орон гэргүй болгосон байна. Нигерийн арми тэдний эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулсаар байгаа билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг