sonin.mn
РАБАТ. /TASS/. Рио-де-Жанейро хотод удахгүй болох Зуны Олимпын наадмын үеэр аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Бразилын цэрэг, цагдаагийн 85 мянган албан хаагч, түүнчлэн 55 орны 250 цагдаагийн офицер оролцох ажээ.
 
Энэ тухай Зуны Олимпын Зохицуулалтын комиссын дарга бөгөөд ОУОХ-ны дэд Ерөнхийлөгч хатагтай Навваль аль-Мутаваккиль мэдэгдлээ. Энэ эмэгтэй бол Марокко улсын алдартай тамирчин юм.
 
“Бразилын эрх баригчид Олимпын үеэр, өмнө болон дараа нь аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийж байна. Олимптой холбоотой ажил үүрэг гүйцэтгэж буй бүх хүнийг шалгаж дууслаа” гэж ОУОХ-ны дэд Ерөнхийлөгч дурджээ.
 
Түүний ярьснаар, сайн дурынхан, сэтгүүлчид, албаны хүмүүс зэрэг Олимпыг зохион байгуулахад оролцож буй 400 мянган хүний талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийж дууссан байна.
 
55 улс, тэдгээрийн дотор АНУ, Бельги, Францын  250 цагдаагийн офицер Бразилын зэвсэгт хүчин болон хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудад тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгийг хатагтай аль Мутаваккиль онцлон дурджээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг