sonin.mn
НҮБ./TASS/. Бахрейны Вант улсын шүүхээс шиит шашинтнуудын " Аль-Вифак аль-Ватани" /Үндэсний эвлэрэл/ намыг татан буулгах тухай шийдвэр гаргасныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн буруушаалаа.
 
Тэрбээр даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ “хүн амынх нь ихэнх хувийг шиитүүд эзэлдэг энэ улсад шиитүүдийн намын үйл ажиллагааг хориглосон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ” гэж анхааруулжээ.
 
“Энэ алхам нь тайван жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.
 
“Аль-Вифак” намыг татан буулгах, намын ерөнхий нарийн бичгийн дарга Али Сальманд ногдуулсан ялыг хүндрүүлэх, шашны нөлөө бүхий номлогч Иса Ахмед Касем нарын зэрэг сөрөг хүчний төлөөлөгчдийн иргэний харьяаллыг хүчингүй болгох, хүний эрхийг хамгаалагчдын зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүд нь тус улсад нэгэнт хурцдаад нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ" гэдгийг НҮБ-ын тэргүүн анхааруулаад "иймээс Бахрейн улс болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын тусын тулд үндэсний хэмжээний яриа хэлцээ хийх нь зүйтэй" гэж уриалсан байна.
 
Бахрейны сөрөг хүчний гол төлөөлөл болох “Аль-Вифак” намыг татан буулгах тухай шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарчээ. Эл шийдвэрийн тухайд сэтгэл зовниж байгаагаа Их Британи, АНУ зэрэг хэд хэдэн улс илэрхийлсэн байна.
 
Харин Бахрейны эрх баригчид тус намын үйл ажиллагааг өнгөрсөн сард албан ёсоор хориглож, намын төв байрыг хааж, дансыг нь битүүмжлээд байсан юм.
 
Лалын шиитүүд Бахрейны хүн амын ихэнхийг бүрдүүлдэг боловч засгийн эрхийг барьж буй Аль Халифын гэр бүлийнхэн лалын шашны суннит урсгалыг баримталдаг аж. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний “Аль-Вифак” нам Үндсэн хуульт хаант засаглалыг тогтоох, засгийн эрх мэдлийг оновчтой хуваарилах, үүний тулд өргөн хүрээтэй шинэчлэл хийхийн төлөө тэмцэж байгаа юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг