sonin.mn
“Бизнес, хөгжил” ярилцлагын буланд МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандавааг урилаа.
 
-Ази, Европын түншлэлийн дээд хэмжээний XI уулзалт өндөрлөлөө. АСЕМ-аас бид юутай үлдэв ээ. Ялангуяа, манай бизнес эрхлэгчид харилцан ашигтай гэрээ хэлцэл хийж чадсан уу?
 
-Монгол Улс дэлхий нийтийн анхааралд тодорхой хугацаанд байж, нэр хүндээ олон улсын тавцанд өргөсөн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Нөгөөтэйгүүр, улс төр, эдийн засгийн шийдлүүд гарахын зэрэгцээгээр бизнес эрхлэгчид буюу баялаг бүтээгчдийг хооронд нь уулзуулж зах зээлийн боломжоо хуваалцах, худалдааг хөнгөвчлөх хамтын ажиллагааг нэлээд сөхөж ярилаа.
 
МҮХАҮТ-аас 2012 онд “Хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэхээ болилоо” гэдэг сэдвээр эдийн засгийн форум зохион байгуулж байсан. 2012 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт 100 хувь уначихлаа.
 
Нэг ёсондоо, европ, ази хүмүүс бизнес эрхлэхдээ монгол хүнтэй харилцахаа больсон. “Хүлээж байя”, “судалж байна” гэдэг хариу өгдөг болсон. Энэ нь тэд монгол хүнд итгэхээ больж, ойлголцол байхгүй болчихсон гэсэн үг. Энэ нөхцөл байдал дөрвөн жил даамжирч эдийн засгийн өсөлтөнд нөлөөлсөн.
 
Манай танхимаас “Бизнесийн итгэлийн индекс”, “Хүнд суртлын индекс” гэсэн хоёр судалгааг хийдэг. Оны эхэнд хийсэн судалгаанаас харахад, бизнес эрхлэгчид Монголд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ хэлж байлаа. Тэр ч байтугай Монгол Улсын дотоодын хөрөнгө оруулалт буурчихсан байсан.
 
Өөрөөр хэлбэл, эдийн засаг, бизнесийн идэвхижил буурсан. Энэ нь дотоод, гадаадын бизнес эрхлэгч нарт том сургамж өгсөн. Тиймээс Монгол Улс одоо тогтвортой, хүртээмжтэй, оролцоотой, хувийн хэвшилдээ тулгуурласан эдийн засагтай болж, тэдний бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулах том амлалт авлаа гэж би хувьдаа харж байна. Зөөлөн үр дүн нь энэ.
 
Үүнээс гадна Сингапур, БНХАУ, ОХУ-тай томоохон гэрээ хэлэлцээ яригдаж байна. Мөн БНСУ-ын 50 гаруй компанитай манай бизнес эрхлэгчид гэрээ хийсэн. Одоогоор тоо болон үнийн дүн нь гарч ирээгүй байна.
 
Монголыг харж ажиглаж байсан хуучин түншүүд маань энэ удаа олноороо ирсэн. Монгол Улс өөрчлөгдөх юм байна, цаашид бизнес маань амжилттай явах юм байна гэж тэд үзээд хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаагаа сэргээж эхэллээ.
 
-Царцаж, зогсонги байдалд ороод байсан төслүүдээ сэргээх юм байна гэж ойлголоо. Тухайлбал, ямар томоохон төслүүд хөдлөхөөр болчихов оо?
 
-Мэдээж, уул уурхайн төслүүдийг дурдаж болно. “Эрдэнэс Монгол”, нүүрсний хуурай аргын боловсруулах технологи, эрчим хүчний төслүүд, ДЦС-ын хөрөнгө оруулалтууд шийдэгдэж, Засгийн газрууд хоорондын хэлэлцээрээр хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.
 
Дээрээс нь царцанги байсан нийгмийн шинжтэй төслүүд болон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар болж байна. Манай улс технологи өндөр хөгжсөн Герман, Япон, Солонгос улстай эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэхээр болсон. Ингэснээр бид өмнө нь барааг импортолдог байсан бол одоо нам болон өндөр технологи импортлох боломж бололцоо бүрэн нээгдлээ.
 
Нөгөөтэйгүүр, Европын зах зээл Монголд нээлттэй болж, харьцангуй уян хатан бодлого барьж байна. АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг Бизнесийн чуулганы зарим оролцогч “Монгол 150 гаруй улстай худалдаа хийж байгаагаас дийлэнхтэй нь гадаад худалдааны баланс байдаггүй” гэдгийг хөндөж тавьсан. Энэ үнэн.
 
Яагаад гэвэл, энэ дотор үнэ цэнэ шингэхгүй, Монгол Улсад технологи байхгүй учраас тэр юм. Тиймээс бид технологийг нутагшуулах ажлыг маш их хийх хэрэгтэй. Бид өртөг их шингээдэг, тээвэрлэхэд хямд төсөр бараа бүтээгдэхүүнийг олж илрүүлэн үйлдвэрлэлээ хөгжүүлбэл Монгол Улс өрсөлдөх чадвартай болно.
 
-“Нэг үүдийг нээхэд нөгөө хаалганууд нээгддэг” гэдэг үг бий. Монгол бол боломж бололцооны эх орон гэдгийг ч Бизнесийн чуулганд оролцогчид онцолж байсан. Гэтэл энэ сайхан үүд хаалгыг тал талаас нь дэмжээд нээгээд өгчихлөө. Одоо монголчуудын маань чадвар чансаа, нөөц боломж хэр байна вэ?
 
-Яг энэ сэдвийг хөндвөл манайд маш олон асуудал яригдана. Бараа бүтээгдэхүүний чанарын стандарт, хүнсний аюулгүй байдал, малын эрүүл ахуй, дээрээс нь сав, баглаа, боодолтой холбоотой маш олон асуудал хөндөгддөг. Жишээ нь, сав, баглаа, боодлын хэмжээнээс авахуулаад энгийн зүйлүүд нь хүртэл олон улсын стандартаас зөрүүтэй.
 
Энэ мэтээр янз бүрийн олон асуудал үүсдэг. Гадаадын хөрөнгө оруулагчдын нүд бидэнтэй адилхан харахгүй байна л даа. Тэд том байшин хараад “Аа, эднийх том компани юм байна” гэж хэзээ ч хүлээн авахгүй. Мундаг боловсролтой захирлыг нь хараад “Манай түнш компани чинь их мундаг юм байна” гэж дүгнэдэггүй. 
 
-Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид бизнесийн түншийнхээ юуг нь хамгийн түрүүнд анхаарч үздэг юм бол?
 
-Тогтвортой байдал, компанийн дүрэм журам, хүний нөөц, менежмэнтийн бодлогыг нь сонирхож байна. Гэтэл манай компаниуд юутай ч 25 жил яваад ирсэн байдаг. Эдгээр компани байгууллагынхаа төвшинд хэр төлөвшсөн юм бэ, ажилтнаа хэр хүндэлдэг юм гэдгийг л гадаадын хөрөнгө оруулагчид сонирхож байна.
 
Түүнээс биш дансандаа хэдэн төгрөгтэй вэ, ямар нөөцтэй ордын лизенцийг бариад сууж байгаа вэ гэдгийг харахгүй. Өнгөрсөн хугацаанд бид бүгдээрээ харлаа шүү дээ. Мэдлэггүй, чадваргүй, хоорондоо нэгдэж чаддаггүй гэдгээ хөрөнгө оруулагч нартаа хангалттай харуулчихсан.
 
Нэг худалдан авагч дээр 10 монгол гүйж очоод, үнэ цэнээ унагачихдаг байлаа. Одоо бид энэ бүх дутагдлаа засч, олдсон боломжоо нурааж болохгүй. Үүн дээр бодлого хэрэгтэй нь ч тодорхой. Тиймээс бид одоо Худалдааны хуулийн төсөл дээр ажиллаж байна.
 
-Бизнесийнхэн олдсон боломжоо нураалгүй ашиглахын тулд яах ёстой вэ?
 
-Би шүүмжилж байгаа юм биш. Манай компаниуд бүгд болохгүй байгаа юм биш. Чадаад хийж байгаа нь ч бий. Харин үлдсэн нь тэр хийж чадаж байгаа ажлыг яг адилхан чаддаг болох ёстой. Өнөөдөр манай улсад гадаадын аль нэг улсад очоод тухайн улсынх нь хэлээр яг өөртөө ашигтай байдлаар гэрээ хэлцэл хийж чадах менежер хэд байна вэ.
 
Бид Германд оччихоод англи хэлээр хэлцэл хийж байна шүү дээ. Монголд ирчихээд оросоор хэлцэл хийж байгаатай л адил асуудал. Хэчнээн тухайн хэлийг төгс эзэмшсэн байлаа ч гэсэн Монгол Улсын хууль, бүхий л зохицуулалт монгол хэлээр л байгаа шүү дээ. Тиймээс ялгаатай.
 
Үүнээс эхлээд л бодох, зохицуулах асуудал олон бий. Өнөөдөр Монголд зүгээр л нэг орчуулагч маш олон байна. Яахав, арга хэмжээнүүд дээр амиа аргалаад л гарчихдаг. Гэтэл тэдэнд үнэт зүйл нэммээр байгаа юм.
 
Тэд МҮХАҮТ-аас зохион байгуулдаг гадаад худалдааны нөхцөл, хэлцэл хийх ур чадварын сургалтад суучихвал зүгээр нэг орчуулагч биш гадаад худалдааны менежер эсвэл борлуулагч болчихно доо. Үүнтэй адил манайд хуульч, эрх зүйч мэргэжилтэй мундаг залуус олон бий. Тэдэнд хэлний мэдлэг хэрэгтэй байна.
 
Гэрээ хэлцэл хийх ур чадвар эзэмшчихвэл тэд гэрээ хэлцлийн менежерүүд болчих гээд байдаг. Тэгвэл энэ боломж бололцоог гаргах талаар МҮХАҮТ ажиллаж байна. Өнөөдөр бидэнд олдсон энэ боломжуудыг цаашид сайн гэрээ хэлцэл хийх чадвартай гадаад харилцааны менежерүүд авч явна.
 
Монголыг олон улсын төвшинд гаргаж ирэх, гадаад харилцаа сайтай олон улсын борлуулагч нар бэлтгэгдэх хэрэгцээ шаардлага байна. Мэдээж, инженерүүд бас хэрэгтэй. Гэхдээ мөн л хэлцэл хийх чадвартай байх ёстой. Гадаадад хэдэн сая, тэрбум ам.долларын хэлцэл хийх чадвартай мэргэжилтнүүд өнөөдөр Монголд хэд байна вэ.
 
Танхимын зүгээс маш олон үзэсгэлэн зохион байгуулдаг. Ийш тийш нь хүмүүсийг аваад явдаг. Гэтэл нөгөө хүмүүс маань лангууныхаа ард суугаад байдаг. Тухайн хэл, соёлыг ойлгож, харилцаа холбоо тогтоож чадахгүй л байна. Бид ур чадвараа сайжруулахгүй бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргаж чадахгүй. Тиймээс МҮХАҮТ Европын холбоотой хамтран энэ чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэхээр ярьж байна.
 
-АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Бизнесийн чуулганыг зохион байгуулахад МҮХАҮТ идэвхтэй оролцсон. Энэ талаар?
 
-Бид олон том тоог эдийн засгийн өсөлт гэж харсаар ирсэн. Гэтэл баялаг цөөнх дээр төвлөрчихжээ гэдэг асуудлыг “Оролцоотой эдийн засаг” сэдвийн хүрээнд хөндсөн. Энэ нь зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд байдаг асуудал. Тэгвэл энэ баялгийг яаж хүртээмжтэй болгох вэ.  
 
Европын холбооны ерөнхийлөгч Жан-Клауд Юнкер “Өнөөдөр нэг хүнийг ч гэсэн ажлын байртай болгох нь чухал байна” гэж хэлсэн. Энэ нь хувийн хэвшлийг л яриад байгаа юм. Нөгөөтэйгүүр, уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал байна.
 
Бид хамтрахгүйгээр, хувийн хэвшлээ дэмжихгүйгээр жижиг, дунд үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх тухай ярих боломжгүй юм. Үнэн хэрэгтээ, газрын зураг дээр харвал Ази, Европ чинь нэг л тив. Гэхдээ арьс өнгөөрөө юм уу ярьж буй хэл, соёлоороо хоёр хуваагдчихсан.
 
Энэ хоёр тив худалдаа, тээвэр, дэд бүтцийн томоохон төсөл, санал санаачлагуудаа хэрэгжүүлэн ЕвроАзийг холбох цаг нь болсон. Ингэхийн тулд зам, барилга зэрэг хатуу дэд бүтцээс гадна хүн хоорондын харилцаа, компани, байгууллага, нэгж хоорондын нягт харилцаа зэрэг зөөлөн дэд бүтцээ хөгжүүлэхийн төлөө ажиллая гэдэг дээр нэгдсэн. Энэ бүхний эхний үр дүн зургаан сарын дараа харагдана.
 
-Яагаад заавал зургаан сар гэж?
 
-Дээд төвшний уулзалтаар ярилцсан болохоор маргааш, нөгөөдөр нь бүх зүйл “ок” болчихно гэсэн үг биш. Гэрээ хэлцэл хийх гэсээр байтал хоёр сар болно. Тэгээд түүний эхний үр дүн нь гарч ирэх гэсээр байтал дор хаяж дөрвөн сар болно шүү дээ. Хамгийн гол нь АСЕМ-аар монголчууд нэгдэж ажиллан том эрх ашгаа харж чадсан. Одоо бизнесийнхэн томоохон үр дүнг хүлээж сууна.
 
Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: