sonin.mn
МАНИЛА. /NHK/. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг үл хайхран хэлэлцээ хийх Хятад улсын саналд Филиппиний Гадаад хэргийн сайд татгалзсан хариу өгчээ.
 
Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ бараг бүхэлд нь өөрийн улсын нутаг дэвсгэрт хамааруулан үздэг явдлыг үгүйсгэсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Гааг хотод төвтэй Олон улсын арбитрын шүүх гаргасан юм. Харин БНХАУ энэ шийдвэрийг дагаж мөрдөхөөс татгалзаж байгаа билээ.
 
Филиппиний Гадаад хэргийн сайд Перфекто Ясай өчигдөр телевизэд ярилцлага өгөхдөө Хятадын саналд татгалзсан хариу өгснөө хэлжээ.
 
Тэрбээр хэлэхдээ “өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Монголын нийслэл Улаанбаатар хотноо болсон Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр би Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсан” гээд “арбитрын шүүхийн шийдвэрийг “үл тоон” хоёр талын хэлэлцээ хийхийг уулзалтын үеэр Ван И санал болгосон” гэжээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “харин би түүний санал Филиппиний үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байгааг онцлон хэлсэн” гэсэн байна. Арбитрын шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөхийг Хятад улсын талд Филиппиний Гадаад хэргийн сайд Ясай уг ярилцлагын үеэр дахин уриалжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг