sonin.mn
Юуны өмнө төсөв ямар өвчинтэй байгааг оношлохоос эхлэх шаардлагатай байх. Төсөв бол төр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр юм. Төсөвт өөр ямар нэг өөр зорилго байх учиргүй. Төсөв нь дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд хүрэлцээгүй бол төрийн үүргийн гүйцэтгэл доголдоно гэдэг нь ойлгомжтой. 
 
Харин илүүдвэл иргэн бидэнд сайн уу муу юу гэдэг дээр тогтож хэдэн үг хэлье. Төсөв хэдий чинээ их мөнгөтэй байна төдий чинээ сайн, тэр хирээр төрийн үйлчилгээ сайжирна гэдэг ойлголт өнөө хир давамгайлсаар байна. Энэ ойлголт нь нийгмийн хөгжилд маш сөрөг нөлөөтэй хандлагыг сүүлийн жилүүдэд бий болгож байна.
 
Төр аливаа учир шалтгааны улмаас аль нэг оролцогч болж байгаа бүхий л тохиолдолд иргэддээ үйлчлэх үүрэгтэй, төр маань аль болох их мөнгө төсөвт оруулна гэдэг үндэслэлээр тухайн асуудалд хандаж иргэдээ хохироосон тохиолдлууд сүүлийн жилүүдэд олноор гарах боллоо. 
 
Төсөвт их мөнгө хурааж иргэдээ жаргаана хэмээн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг, бизнес эрхлэгчдийг, иргэдээ тусгай зөвшөөрөл, татвар, хураамжаар дарамтална, бизнест хувь эзэмшинэ хэмээн иргэдтэйгээ ашиг, орлого булаацалдана. Гадаад, дотоодоос өр тавьж зээл авна. Сонгуулиар мөнгө, хувьцаа тараана, тараах амлалт өгнө. 
 
Ямааны, тэмээний, залуусын, хүүхдийн, хөгшдийн мөнгөнүүдийг тараана. Аливаа улс төрийн болон эдийн засгийн шийдвэрүүдийг төсвийн орлого хэмээх зоосны нүхээр харж гаргана. Үүгээр балаг нь дуусахгүй. Төсөвт олсон, цуглуулсан мөнгөнөөс хэрхэн хүртэх вэ гэдэг дээр ухаан санаа, арга заль, эрх мэдэл, хүч чадал,
хэлхээ холбоо бүгдийг нь дайчлан хоорондоо нанчилдаж өгнө. 
 
Үр дүнд нь авилгал, талцал, хэрүүл, маргаан гээд нийгмийг хойш татдаг бүхий л сөрөг үр дагаврууд бий болно. Ингээд бодохоор төсөв их мөнгөтэй байна гэдэг нь бас баахан асуудал дагуулдаг байх нь.
 
Төсвийг эрүүлжүүлэх бодлого нь Монгол улсын Үндсэн хуулийн 19.1 -д заасан төрийн үүргийг төрийн бүхий л салаа мөчрүүд дээр тууштай хэрэгжүүлэхээс эхлэх нь зүйтэй мэт санагдана. Үүнд УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Монгол банк хамгийн түрүүнд хамрагдах учиртай.
 
Үндсэн хуулийн 19.1-д зааснаас өөр ямар нэг зорилготой төрийн байгууллага, албан тушаалтан байх учиргүй, тийм учраас тэдгээр байгууллага, албан тушаалтнуудыг санхүүжүүлэхгүй байх нь нэн даруй авч хэрэгжүүлбэл зохих алхам мөн.
 
Төсвийг эрүүлжүүлэх дараагийн алхам бол төсвийн зарлагын үр өгөөжийг дээшлүүлэх явдал юм. Төсвөөс гарч байгаа төгрөг болгон эдийн засгийн эргэлтэд эргээд ордог байх учиртай. Эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь төсвөөс гарсан зардал болгоныг эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж, эдийн засгаа дэмжихүйц байдлаар төлөвлөнө гэсэн үг. 
 
Төсөвт ихээхэн дарамт учруулдаг бөгөөд эргээд эдийн засгийн эргэлтэд ордоггүй, нийгмийн халамж, хамгаалал нэртэйгээр гардаг, хавтгайрсан зардлуудын зорилгуудыг аль болох танах, зайлшгүй гардаг зардлуудыг зөвхөн зорилтот бүлгүүд рүү чиглүүлж, улмаар эдийн засгийг дэмждэг хуримтлалын хэлбэр рүү шилжүүлэх нь төсвийн зарлагын үр өгөөжийг дээшлүүлэхэд зарчмын ач холбогдолтой. 
 
Энэ хирээр төсвийн дарамт буурна, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд шаардлагатай хөрөнгө мөнгө суларна, авилгал буурна тэгээд иргэд ажил орлоготой
болно. 
 
Жишээлбэл: төсвөөс гардаг, их хэмжээтэй, нийгмийн хамгааллын зардлуудыг, тухайлбал , оюутны мөнгө, хүүхдийн мөнгийг нийлүүлэн Монгол хүүхдийн боловсролын хуримтлалын даатгалын хэлбэрт оруулбал дараах хэд хэдэн асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх боломж нээгдэх болов уу. Үүнд :
 
1. Төсвөөс гаргаж байгаа мөнгө Монголын хүүхэд бүр сурч мэдэх, боловсрол олоход нь чиглэгдэнэ.
2. Төсвийн дарамт буурна
3. Хуримтлагдаж байгаа хөрөнгийг нийгмийн болон үйлдвэрлэлийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд урт хугацаатай, өртөг багатай эх үүсвэр болгон ашиглана.
4. Санхүүгийн зах зээл олон тулгууртай болж, улмаар арилжааны банкнуудын эрсдэл буурна.
5. Төсвөөс нэгэнт гаргаж байгаа хөрөнгийг хөшүүрэг болгон ашиглаад иргэдийн чөлөөт хөрөнгийг хуримтлалын хэлбэрт зохион байгуулалттайгаар оруулж, ашиглах давуу талтай.
 
Төсөвт ихээхэн дарамт болж байгаа бас нэг томоохон зардал бол нийгмийн болон үйлдвэрлэлийн дэд бүтцийг бий болгох, сайжруулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтын зардлууд юм. 
 
Ийм чиглэлийн зардлуудыг төрөөс даадаг байсан олон улсын практик, хандлага одоо нэгэнт өөрчлөгдөж , дэд бүтцийг төр хувийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн болон нийтийн хөрөнгийг санхүүжүүлдэг арга хэлбэрүүд нэгэнт гарч, олон улсад амжилттай нэвтэрчээ. 
 
Өнгөрсөн хэдэн жилд ийм чиглэлээр хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэх ажил, санаачилгууд гарсан боловч гаргасан зардлыг төрөөс татвар төлөгчдийн хөрөнгөөр даадаг хуучин концепц маань хэвээрээ л байна. 
 
Түүний оронд тухайн дэд бүтцийн төсөл нь өөрөө өөрийгөө даагаад явчих боломжтой нөхцөлийг нь, тухайлбал, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ашигтайгаар зарж борлуулах боломжийг нь тухайн төсөл хэрэгжүүлэгчид төрөөс бүрдүүлээд өгчихвөл, төсвийн зардал үлэмж хэмнэгдэх боломж бүрдэж, улмаар татвар төлөгчдөд учрах дарамт буурах нь дамжиггүй.
 
Нөгөө талаар иргэд чөлөөт хөрөнгөө ашигтай, найдвартай төслүүдэд байршуулах боломжтой болох төдийгүй, гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг бий болгоно.
 
Иргэдээ ядарч, хэцүүдсэн үед нь бэлэн мөнгө өгч халамжилдаг бодлогын үзэл баримтлалыг нь өөрчилж, иргэд өөрсдийн эрүүл мэнд, гэр бүлийн гишүүд, эд хөрөнгөө хайрлаж, хамгаалахад оролцдог, санаа тавьдаг хариуцлагатай нийгмийн хамгааллын тогтолцоо руу шилжүүлэх шаардлага байна. 
 
Группийн, тэжээгчээ алдсаны, төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын зэрэг олон олон зарлагуудыг үүнд нэрлэж болно. Бусад орнуудын туршлагаас харвал хувийн болон нийтийн өмчийн даатгалын компаниуд дээрх асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. 
 
Ялангуяа, урт хугацааны амьдралын даатгал нь хариуцлагатай нийгмийн хамгааллыг бий болгодог үндсэн арга хэлбэр нь болдог аж. Урт хугацааны даатгал нь дараах боломжуудыг нээж өгдөгөөрөө давуу талтай ажээ:
 
6. Иргэд өөрсдийн аюулгүй, баталгаатай ирээдүйг бий болгоход оролцдог, бас санхүүгийн хариуцлага хүлээдэг.
7. Иргэд өөрсдийн нэр дээр / бидний хуучин ярьдгаар нэрийн данс гэх / бодит хуримтлад үүсгэж, ядарч, хэцүүдсэн үед өөрөө болон гэр бүлийн гишүүд нь үр шимийг нь хүртэх боломжтой болно.
8. Төсвийн дарамт буурна.
9. Иргэдийн бий болгосон хуримтлалыг мөн л нийгмийн болон бусад зориулалтын дэд бүтцийг бий болгоход урт хугацааны эх үүсвэр болгон ашиглаж болно.
10. Засгийн газрын үйл ажиллагааны санхүүжилтийн урт, богино хугацааны эх үүсвэр болгон ашиглаж болно.
11. Иргэд, төр хамтран тодорхой зорилгоор хуримтлал үүсгэх боломжтой болно.
 
Зарим салбаруудад, ялангуяа дэд бүтцийн салбаруудад үнийг зохиомлоор барих зорилгоор хуваарилж байгаа санхүүжилтүүдийг бууруулж, улмаар алга болгох нь улсын төсвийг эрүүлжүүлэх нэн чухал нэг алхам мөн. 
 
Ус, шатахуун, дулаан, цахилгааны үнийн өсөлтөд нэрвэгдэж болзошгүй, бага орлоготой иргэддээ зориулсан, тэдэнд хүртээмжтэй үнийн савлагаанаас хамгаалах хөтөлбөрийг тусгайлан гаргаад бүх үнийг бүрэн чөлөөлөх нь оновчтой гарц байж болох юм.
 
Төсвийн зарцуулалтыг ил тод байлгах талаар өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн дорвитой алхам хэрэгжүүлснийг улам бүр эрчимжүүлэх нь төсвийн бодлогын алдаа оноо, сул талыг илрүүлэх, улмаар төсвийн бодлогын хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд зарчмын ач холбогдолтой. 
 
Төсвийн зарцуулалтын тоо баримтыг ил болгоод зогсохгүй төсөвтэй холбоотой бүхий л асуудлаар шийдвэр гаргах процессийг ил тод болгож чадвал Алтан Дорнод, Хан Ресурсэс зэрэг компаниудтай холбоотой асуудлаар үндэслэл муутай шийдвэрүүд гаргасан алдааг давтахгүй, улмаар төсөвт хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
 
Эдийн засагч О.БАДРАЛ