sonin.mn
ДУРБАН. /Xinhuа/. ХДХВ тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү дорвитой арга хэмжээ авахыг ХДХВ/ДОХ-той тэмцэх асуудал хариуцсан НҮБ-ын албаны хүн уриалаад “өнгөрсөн онд ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн тоо 2 сая гаруйгаар нэмэгдсэн” гэлээ.
 
НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн /UNAIDS/ олон улсын бага хурал даваа гарагт Өмнөд Африкийн Дурбан хотод эхэлжээ.
 
Уг бага хуралд 18 мянга орчим хүн, тэдний дотор судлаачид болон ХДХВ-ийн халдвар тээгчдэд тусламж үзүүлдэг хүмүүс оролцож байна.
 
ХДХВ/ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе хэлэхдээ “ДОХ-ын эмийн хүртээмж нэмэгдсэний ачаар дэлхийн хэмжээнд 17 сая хүн одоо эмчилгээ хийлгэж байна” гэжээ.
 
Гэсэн хэдий ч өнгөрсөн онд л гэхэд ХДХВ-ийн халдвар авагсдын тоо 2.1 саяар нэмэгдсэн гэж тэрбээр хэлэв. Тиймээс илүү дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд ХДХВ-ийн тархалтыг зогсоох НҮБ-ын зорилтод хүрч чадахгүй гэдгийг тэрбээр анхаарууллаа.
 
ХДХВ-ийн тархалт нь нийгэмд тулгамдсан хамгийн ноцтой асуудлуудын нэг хэвээр байна. Ялангуяа, Африк тивийн зүүн болон өмнөд нутгийн улсуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнөд Африкт 2.5 сая хүүхэд ДОХ-ын улмаас эцэг эхээ алджээ.
 
Эцэг эхээ алдсан өнчин хүүхдүүдийн эмэг эх, өвөг эцгүүд бага хурал болж байгаа газрын гадаа жагсаал хийж, тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэхийг шаардсан байна.
 
НҮБ-ын бага хурал энэ баасан гараг хүртэл үргэлжилнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг