sonin.mn
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Шадар сайдын өрөөнд өчигдөр боллоо. Энэ удаагийн хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын онцгой комиссын даргын тушаалын дагуу Баян-Өлгий аймагт ажилласан Шуурхай ажлын хэсгийнхний ажлын тайлан болон гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд үзүүлсэн болон үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хуваарилах үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Төгсгөлд нь Монгол Улсад тохиолдоод буй гамшгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцлээ.
 
-ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО-
 
Хуралдааны эхэнд энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 160 гарүй өрхийн 700 орчим иргэн орох оронгүй болж их хэмжээний хохирол учирсныг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцуулав.
 
Түүний хэлснээр, 160 айлын 640 орчим хүн гамшигт нэрвэгдэж, 105 байшин нурсан боц таван байшин нурах аюултай байгаа тухай урьдчилсан тооцоо гаргаж, гамшигт өртөгсдөд газар шинээр олгох болон орон байргүй болсон иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож, үерт нэрвэгдсэн хэсгийг халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлжээ.
 
Одоогийн байдлаар орон гэргүй болсон 104 айлд шинээр газар олгож, үлдсэн 75 нь газар олгох асуудлыг шийджээ. Түүнчлэн гамшигт өртсөн 29 өрхийн 107 хүнийг сургуулийн дотуур байранд байрлуулж хоол хүнсээр хангаж ажиллаж байгаа аж.
 
Нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байгаа аж. Одоогоор 26 мянган ам метр талбайг 7.7 тонн бодис хэрэглэн халдваргүйжүүлжээ. Мөн хүн амыг баталгаатай зөөврийн ундны усаар хангах асуудлыг шийдвэрлүүлсэн байна.
 
Мөн энэ үеэр албаныхны ярьж байсан нэг зүйл нь гамшигт өртсөн Өлгий сумын 6, 9 дүгээр багт ус зайлуулах суваг байхгүй байсан нь асуудлыг хүндрүүлжээ. Үүний улмаас үерийн ус 150-160 см хүртэл гүн тогтсон байна. Тиймээс 1500 метр урт суваг татаж, далан шинээр босгосноор тогтсон усыг аймгийн төвөөс гадагш урсгажээ. 
 
Нөгөөтэйгүүр, олонх айл стандарт бус шар шавран буюу нүүрсний хогоор хийсэн, усанд тэсвэргүй блокоор байшин барьсан нь цаашид ч үерт өртөхгүй гэх баталгаагүйг сануулсан. Тиймээс онцгой комиссоос гарах дүгнэлтэд энэ талаар тусгахаар боллоо.
 
ӨЛГИЙД АЖИЛЛАСАН ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГТ ЭМСЯ- НЫХАН БАГТААГҮЙ
 
Онцгой комиссын хуралдааны үеэр ярьсан бас нэг анхаарал татсан сэдэв нь Т.Бадрал даргын цухал байлаа. Түүний хэлснээр, Өлгий суманд болсон гамшигт шуурхай ажилласан ажлын хэсэгт ЭМСЯ-ныхан оролцоогүй байна.  
 
Энэ талаар ЭМСЯ- ны газрын дарга С.Энхболд “СЭМҮТ болон Зоонозын үндэсний төв, ХӨСҮТ, НЭМХ-гээс эмч нар явуулахаар бэлдсэн байсан ч АСЕМ-тай холбоотойгоор онгоцны нислэг байгаагүй” гэж тайлбарласан. 
 
Гэтэл үер усны аюул буюу аливаа гамшгийн дараа иргэдийн сэтгэл зүйд маш их өөрчлөлт ордог бөгөөд нэг cap ба түүнээс дээш хугацаанд сэтгэцийн тогтворгүй байдал үргэлжлэх магадлалтай байдаг байна. Гэтэл АСЕМ-аас болоод явж чадаагүй эмч нарын туслалцаа Өлгий сумынханд хамгийн их хэрэгтэй байсан гэсэн үг. Харин албаныхан нэг ажлыг нөгөөгөөр хаацайлан халхавчилж сууна.
 
ЭМСЯ- ныхан ийнхүү гамшгийн үед хариуцлагагүй ажилласанд ОБЕГ-ын дарга Т.Бадрал сэтгэл дундуур байгаагаа шуудхан илэрхийлсэн. Тэрбээр “Гамшгийн үеэр холбогдох газрууд бүгд үүргээ гүйцэтгэсэн. Ний нуугүй хэлэхэд эрүүл мэндийн салбарынхан энэ удаад нэг их ажиллаагүй. 
 
Видео хурал хийсэн л гэсэн. Ариутгал халдваргүйжилтийн бодис явуулах хэрэгтэй байна. Та нарт тусламж байна уу гэхэд үнийн санал ирүүлсэн. Ингээд л бүх зүйлийг ОБЕГ руу чихсэн. Аймаг, орон нутагт мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбар ажиллахгүй байгаа шүү дээ. Газрын дарга нар ямар ч ажил хийхгүй байгаа. "Тиймээс энэ дарга нарт хариуцлага тооцмоор байгаа юм. 
 
Хүмүүнлэгийн тусламж болон хохирлынхоо тооцоог гаргаж чадахгүй байна. Юм бодитой байсан нь дээр байх. Баярын өдрүүдээр ерөөсөө л Улсын онцгой комисс, ОБЕГ л ажиллалаа шүү дээ. Эмч нар эндээс аль хэдийнэ явчихсан байх ёстой. Онгоцны суудал байхгүй гэх юм. Гэтэл Улсын онцгой комисс ажлын хэсгээ гаргаад онгоцны билетээ олоод явж л байгаа шүү дээ. Энэ чинь эцэстээ улс төрийн асуудал болох нь байна. Үндэсний цөөнхийн асуудал ярьж байхад хаа хаанаа хариуцлагатай баймаар байна” гэсэн юм. 
 
Эндээс үзэхэд нэг сарын “нас”-тайгаар томилогдсон С.Ламбаа сайд гамшигт өртсөн Өлгийн ард түмэнд тусламжийн гараа сунгах сонирхолгүй байсан бололтой юм. Гамшгийн дараа иргэдийн сэтгэлзүйд дэмжлэг үзүүлэхээс авахуулаад ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудал өнөөдөр ч өрнөсөөр. 
 
Гэтэл яамныхан хөдлөхгүй байгаагаас гадна ариутгалын бодис байхгүйг Т.Бадрал дарга хэлсэн. Ямартай ч энэ үеэр Т.Бадрал дарга салбар яам нь, сайд нь, мэргэжилтнүүд нь дор бүртээ ажлаа хийх хэрэгтэй байгааг хатуухан сануулаад авна лээ. Магадгүй ингэж олон нийтийн буюу хэвлэлийнхний нүд, чихэн дээр бодит байдлыг ярихгүй бол ажилдаа хайхрамжгүй ханддаг хүн олон байдаг бололтой юм. 
 
Онцгой комиссын даргаас банга хүртсэн ЭМСЯ-ныхны хувьд бүх зүйл дуусчихаагүй. Тэд хэдийгээр гамшгийн бүсэд шуурхай ажиллаж чадаагүй ч иргэдийн сэтгэлзүйд дэмжлэг үзүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтэд гар бие оролцох боломж бий. Тиймээс С.Ламбаа сайд үндэсний цөөнхийн асуудал, гамшгийн дараах халдварт өвчин үүсэх магадлал зэрэгт хэрхэн анхаарал хандуулахыг харах л үлдлээ.
 
ИРГЭН БҮР ДОР БҮРНЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ САНУУЛАВ
 
Баян-Өлгий аймагт гамшиг болоод удаагүй байгаа ч цаашид байдал намжсан гэж тайвширч болохгүйг албаныхан сануулсан. Өөрөөр хэлбэл, байгаль ямар ааш аяг гаргахыг урьдчилан таах арга хомс учраас иргэн бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэйг хэлсэн. 
 
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос болон ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулсан хандив, тусламжийг олгох явцад хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нарт үүрэг болголоо. 
 
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт гэнэтийн хүчтэй салхи, шуурга дэгдэх, аянга буух, усархаг бороо олон хоногоор үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй тул малчид, ард иргэдийг гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, үерийн аманд буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
 
Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: