sonin.mn
МОСКВА. /АР/. ОХУ-ын Засгийн газар сэргээштэй холбоотой хөтөлбөрийг санхүүжүүлж, үүнийгээ нуун далдалсан гэх дуулиан үнэн болох нь тогтоогдсон гэж Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ мэдэгдсэнийг Оросын Спортын сайд няцаалаа.
 
WADA-гийн саяхан гаргасан тайланд “2014 оны Сочигийн Өвлийн Олимпын үеэр Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан” гэж дурдсан байжээ.  WADA-гийн шинжээчдийн багийн даваа гарагт гаргасан энэ дүгнэлтийг Оросын Спортын сайд Виталий Мутко няцаалаа.
 
Шинжээчид хэлэхдээ “Оросын Спортын яам болон бусад төрийн байгууллагууд сэргээшийн хөтөлбөртэй холбоотой болохыг тогтоосон” гэсэн юм. Мөрдөн шалгалтыг Москва дахь сэргээшийн лабораторийн тэргүүн асны өгсөн мэдүүлэгт үндэслэн явуулжээ.
 
Үүний хариуд Мутко өчигдөр мэдэгдэл хийхдээ “Оросын төр засаг сэргээштэй холбоотой ямар ч хөтөлбөрийг дэмжиж, санхүүжүүлээгүй” гээд “лабораторийн тэргүүн асан Оросын засгийн газарт бурууг тохож байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “WADA хууль эрх зүйн талаас нь баримтыг шалгах хэрэгтэй” гэсэн байна. Сэргээштэй холбоотой дуулианы улмаас ирэх сард болох “Рио-2016” Олимпын наадамд Оросын баг тамирчид оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг