sonin.mn
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан баярын захидал илгээсэн байна.
 
Баярын захидалд "Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нийт ажилтнуудыг төлөөлөн халуун баяр хүргэе.
 
МОНЦАМЭ агентлаг байгуулагдсанаас хойш түргэн шуурхай,  оновчтой, бодит мэдээллийг хүргэж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг эерэгээр сурталчлахад асар их амжилт олж, олон улсын цаг үеийн мэдээллийг үнэн бодитоор дамжуулж, дотоод гадаадад ихээхэн сайшаалыг олсноор Монгол дахь хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болжээ. 
 
МОНЦАМЭ агентлаг Хятад-Монголын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг онцлон анхаарч, хоёр орны харилцаа ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй дамжуулан сурталчилж, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмний харилцан итгэлцлэл, ойлголцлыг бэхжүүлсээр байна. Цаашид МОНЦАМЭ агентлаг Хятад-Монголын харилцааны хөгжлийг үргэлжлүүлэн анхаарч, дэмжиж, хоёр орны харилцааны гүүр болсоор байх болно гэдэгт гүнээ итгэж байна.
 
Нийт МОНЦАМЭ агентлагийн хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин" гэжээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг