sonin.mn
КЛИВЛЕНД. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Бүгд Найрамдах намаас албан ёсоор нэр дэвшсэн Дональд Трамп 3 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ. Энэ тухай "Bloomberg Billionaire Index” гэдэг жагсаалтад дурдсан байна.
 
Өнгөрсөн онд Трампын хөрөнгийн хэмжээ 2,9 тэрбум доллар байсан аж. Харин тэрбумтны төлөх ёстой өр мөн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдэж, 350 сая доллар байснаа 730 саяд хүрчээ.
 
Трамп Вашингтон дахь шуудангийн газрын хуучин байшинг засварлахын тулд 170 сая доллар зээлсэн нь түүний өр өсөхөд хүргэжээ. Уг байшингийн засварын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд ирэх 9 дүгээр сард дуусах ёстой юм.
 
Өр нь нэмэгдэж байгаа боловч Трампын эзэмшилд байдаг үл хөдлөх зарим хөрөнгийн үнэ өссөөр байгаа аж. Тухайлбал, Нью-Йорк хотын төв дэх "Трамп тауэр" гэдэг өндөр барилга 600 сая доллароор үнэлэгдэж байгаа нь хоёр жилийн өмнөхөөс 22 хувиар өссөн үзүүлэлт юм.
 
Телевизийн “Си-Эн-Эн” сувгийн мэдээлснээр, ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөөх намын доторх сунгаа нь Трампын санхүүгийн байдалд бараг нөлөөлөөгүй байна. Тэрбээр кампанит ажилдаа 46,1 сая доллар зарцуулжээ. 
 
Х.Сарна
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг