sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. Телевизийн  “Fox  News”  сувгийн захирал Рожер Эйлс албан тушаалаа өгөх талаар өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөж байгаа талаар Америкийн хэвлэлүүд бичсээр байна.
 
Хөтлөгч байсан Гретчен Карлсон ноён Эйлсийг өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд ханджээ. Харин өдгөө 76 настай Эйлс үүнийг няцаасаар байгаа юм. "Нью-Йорк таймс" сонинд бичсэнээр,  “Фокс ньюс” -ийн  толгой компани болох “21st Century Fox”-ын өмгөөлөгчид ноён Айлес-ийг 8 дугаар сарын 1 гэхэд ажлаасаа гарах өргөдөл өгөхийг зөвлөж байгаа юм.  
 
Хөтлөгчөөр ажиллаж байсан Карлсон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  “Эйлстэй бэлгийн харилцаанд орохыг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж миний бие ажлаасаа халагдсан” гэж дурджээ.
 
Тэрбээр консерватив талыг баримтлагч дээрх "Fox"-ын мэдээллийн сүлжээнд 6 дугаар сард гэрээний хугацаа дуусах хүртлээ 11 жил ажилласан байна. Бэлгийн дарамт үзүүлсэн гэх үг яриаг ноён Эйлс эрс няцааж байгаа бөгөөд түүний хэлснээр, Карлсон гэрээг нь сунгаагүйд шаралхан ийм нэхэмжлэл гаргасан аж.
 
Америкийн хэвлэлүүдэд гарч буй өөр нэгэн мэдээлэл бол Р.Айлес “Fox News”-ийн хөтлөгч Мегин Келли-д бэлгийн дарамт үзүүлсэн тухай юм. Келли мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгөхдөө “Айлес намайг 10 жилийн өмнө сурвалжлагч байх үед бэлгийн харилцаанд орохыг шахаж шаардаж байсан” гэжээ. Харин Эйлсийн өмгөөлөгч Сьюзан Эстрих мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ, үүнийг няцаасан байна.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг