sonin.mn
МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж өчигдөр БНСУ-ын “Амьтан, ургамлын хорио цээрийн агентлаг”-ийн Малын өвчнийг хянан, шалгах болон хорио цээрийн газрын ерөнхий захирал Ким Тэ Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
 
Монгол Улсын МХЕГ болон БНСУ-ын Амьтан, ургамлын хорио цээрийн агентлаг хооронд өнгөрөгч онд “Амьтан, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан юм. Уг санамж бичгийг баталгаажуулж, цаашид харилцан ашигтай хамтран ажиллах талаарх асуудалд өчигдрийн уулзалт чиглэгджээ. 
 
МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж уулзалтын үеэр “Монгол Улс БНСУ-аас үржлийн өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс ногоо, амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр импортолж байгаа өнөө үед хоёр байгууллага улам ойр ажиллах шаардлагатай байна” гэдгийг онцолсон байна.
 
Энэ ч үүднээс хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн саналыг дэвшүүлжээ. Тухайлбал, БНСУ-ыг зорьж байгаа монгол иргэд тус улсын хилээр мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, хоёр талын байгууллагын хүрээнд хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага судлах, Монголын талын албаныхныг мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг тавьсан юм.
 
Харин ноён Ким Тэ Юн дээрх саналуудыг судалж, нааштай шийдэх боломж бий гэдгийг илэрхийлсэн байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг