sonin.mn
УИХ-ын Анхдугаар чуулган өчигдөр шөнө 03.00 цаг хүртэл хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр 15.00 цагт Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.
 
Үүний дараа УИХ дахь хоёр намын бүлэг хуралдаж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан. Намын бүлгүүдийн хурлын дараа Төрийн байгуулалтын байнгын хороо 20 цагаас эхэлж хуралдан, дээрх хууль, тогтоолын төслүүдийг нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжсэн юм. 
 
УИХ-ын Анхдугаар чуулган улмаар 22.00 цагаас хуралдаж эхлэн, мөн дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:
 
Монгол Улсын Ерөнхий сайд;
 
Монгол Улсын Шадар сайд;
 
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
 
Гадаад харилцааны сайд;
 
Сангийн сайд;
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд;
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
 
Батлан хамгаалахын сайд;
 
Барилга, хот байгуулалтын сайд;
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
 
Зам, тээврийн сайд;
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
 
Эрчим хүчний сайд;
 
Эрүүл мэндийн сайд багтаж байгаа юм. 
 
Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.
 
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд шинэ Засгийн газар нь тохируулагч 10, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 27 агентлагтай ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ.
 
Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь салгаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгох, Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх, шинээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулахаар зохицуулжээ.
 
Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
 
Ингэснээр дээр дурдсан агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, нөөцийг зөв хуваарилах, салбарын хэмжээнд төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай, хүртээмжтэй явуулах шаардлага хангагдана гэж үзэж буйгаа Ерөнхий сайд чуулганы танхимд танилцуулав.
 
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, Г.Занданшатар, С.Эрдэнэ, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.
 
Харин дээрх хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс санал дүгнэлт гаргасан бөгөөд УИХ-ын гишүүн, тус намын бүлгийн дарга С.Эрдэнэ чуулганд танилцуулсан юм.
 
Тус намын бүлэг зургаан үндэслэл бүхий санал, дүгнэлт гаргаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон эдгээр хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Засгийн газрын бүтцийн асуудал дээр сэтгэл зовоосон маш их асуудал бий.
 
Чиг үүргийн яамны тоог нэмээд тав болгосон. Дэд сайд нарыг бий болгож байгаа. Нийт агентлагийн 60 хувьд бүтцийн өөрчлөлт хийхээр байгаа. Энэ бол төрийн албан хаагчдыг халах дохио гэж харж байна. 60 гаруй мянган албан хаагчийг ажилгүй болгож болохгүй.
 
Эдийн засгийн тооцоо судалгаагүй асуудал оруулж ирсэн. Мөн байнгын хороодын дарга нар нь томилогдоогүй байхад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл, Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг тус бүр хэлэлцсэн нь хууль зөрчиж байна” гэв.
 
Гэсэн ч санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүн шинэ Засгийн газрын дээрх бүтцийг дэмжсэнээр холбогдох хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг