sonin.mn
АНКАРА. /Sputnik/. 113 шүүгч болон прокуроруудыг, тэдний дотор Үндсэн хуулийн шүүхийн хоёр шүүгчийг цэргийн эргэлт хийх оролдлогод оролцсон хэрэгт сэжиглэн баривчилсан тухай Туркийн “NTV” телевиз мэдээлжээ.
 
Энэ сарын 15-нд Туркт цэргийн эргэлт хийхийг завдсан билээ. Гэвч хэрэг гарсны маргааш Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым цэргийн эргэлт хийх оролдлогыг дэмжсэн бүх хүмүүсийг тодруулж, уг үйл ажиллагааг таслан зогсоосноор улс оронд байдал хэвийн боллоо гэж мэдэгдсэн билээ.
 
Туркийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, цэргийн эргэлт хийх оролдлогын үеэр 290 гаруй хүн амиа алдаж, наад зах нь 1400 хүн шархадсан байна.
 
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг огцруулах зорилгоор үйлдсэн энэ ажиллагаанд оролцсон байж болох цэргийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүгч, багш нар гээд олон мянган хүнийг баривчилж, ажлаас нь халж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг