sonin.mn
ТРИПОЛИ. /ВВС/. Газар Дундын тэнгист цагаачдыг тээвэрлэж явсан жижиг усан онгоцон дотроос 22 хүний цогцос олдлоо гэж “Хил хязгааргүй эмч нар” тусламжийн байгууллага мэдэгдэв. Ливийн эргээс холгүй явж байсан усан онгоцны доод хэсэгт тунасан түлш болон усан дотор эмэгтэй хүний 21, эрэгтэй хүний нэг цогцос байжээ.
 
Амьд гарсан 200 гаруй хүнийг “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын хөлөг онгоцонд шилжүүлж суулгасан байна. Тэдний дотор 50 хүүхэд байсан тухай тус байгууллага мэдэгдэлдээ дурдсан байна.
 
“Тэдэнд чухам юу тохиолдсон нь тодорхойгүй байгаа боловч 22 хүн амиа алдсан байсан. Энэ бол эмгэнэл” гэж дээрх байгууллагын ажилтан Йенс Паготто ярьжээ. Мөн тэрбээр, “ус, түлш холилдсон байсан, мөн их утаатай байсан нь тэднийг ухаан алдахад хүргэсэн байх" гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна.
 
Усан онгоцонд байсан хүмүүсийн ихэнх нь Баруун Африкийн орнуудын иргэд байжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг