sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Удахгүй болох Олимпын үеэр террорист халдлага гарах вий гэсэн болгоомжлолоос илүүтэйгээр Рио-де-Жанейро хотод дахь гэмт хэргийн түвшин Бразилын эрх баригчдын санааг зовоож байна гэж тус улсын Хуульзүйн сайд Алешандри ди Мораес мэдэгдлээ.
 
“Гэмт хэрэг бидний санааг илүү ихээр санаа зовоож байгаа учраас цагдаа нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулна. Манай улсад олон тооны жуулчин, тамирчид, төлөөлөгчид ирнэ. Тэдэнд Бразил бол хулгай дээрэмд нэрвэгдсэн улс юм байна гэсэн ойлголтыг хэрхэвч төрүүлж болохгүй” гэж сайд онцолсон байна.
 
Бразилын болон гадаадын тусгай албадын хувьд Олимпын үеэр террорист халдлага гарах магадлал бага гэж үзэж байгааг тэрбээр дурдаад “ийм аюул хаа сайгүй байгаа, Бразилд ч мөн ялгаагүй. Иймээс бид урьдчилан сэргийлэх бүхий л боломжтой арга хэмжээг авч байна” гэлээ.
 
Энэ долоо хоногт террористуудтай холбоотой дөрвөн хүн Олимптой холбоотой арга хэмжээнд оролцохоор санаархаж байсныг илрүүлсэн байна. Телевизийн “Глобу” сувгийн мэдээлснээр, тэмцээн үзэх хүсэлтэй байгаа 460 мянган хүнийг шалгахад тэднээс дөрвөн хүн тусгай албадаас гаргасан “түгшүүрийн жагсаалт” гэдэгт орсон байжээ.
 
Өнгөрсөн баасан гарагт Бразилын Батлан хамгаалахын сайд Раул Жунгманн мэдэгдэхдээ, Ницца хотод гарсан халдлагын дараа Олимпын тоглолтын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг улам чангатгана гэсэн юм. 
 
 Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг