sonin.mn
МОСКВА. /KAZINFORM/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар ирэх сарын эхээр Орост уулзана.
 
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд өчигдөр мэдэгдэхдээ “хоёр улсын төрийн тэргүүн нар наймдугаар сарын эхээр ОХУ-д уулзалт хийхээр тохиролцсон. Харин аль хотод, яг хэзээ уулзах нь хараахан тодорхой болоогүй байна” гэжээ.
 
Ерөнхийлөгч Путин энэ сарын 17-нд Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярьсан бөгөөд Оросын тал утсаар ярих санаачилгыг гаргасан аж.
 
Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан Ерөнхийлөгч Путин хэлэхдээ “Үндсэн хуулийн эсрэг аливаа үйлдэл, хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг ОХУ баримталсаар ирсэн” гээд, цэргийн эргэлт хийхийг оролдох явцад амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
 
Үүний хариуд Ерөнхийлөгч Эрдоган хэлэхдээ “Туркийн амралт зугаалгын газруудад байгаа Оросын жуулчдын аюулгүй байдлыг хангахын тулд манай улс чадах бүхнээ хийнэ” гэсэн аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг