sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Иракийг сэргээн босгож, дүрвэсэн хүмүүст туслахад зориулан 2 тэрбум долларын нэмэлт тусламж үзүүлнэ гэдгээ олон улсын хамтын нийгэмлэг амлалаа. Лхагва гарагт Вашингтон хотноо болсон бага хурлын үеэр хандивлагч 25 улсаас Иракт 2 тэрбум долларын тусламж олгох амлалт өгчээ.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, “Лалын улс” бүлэглэлийг устгахын тулд явуулж буй цэргийн ажиллагааны явцад Иракийн 3.3 сая иргэн орон гэрээсээ дүрвээд байна. Олон улсын хамтын нийгэмлэг 2 тэрбум доллар өгөхөөр амласан хэдий ч тусламж үзүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг бүрдүүлж чадаагүй байгаа аж.
 
Бага хурлыг даргалсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлэхдээ “2 тэрбум доллар гэдэг бол таамаглаж байснаас их тоо” гэв. Энэ мөнгийг мина цэвэрлэх, дэд бүтцийг сэргээх болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг