sonin.mn
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.
 
 
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Х.Болорчулуун нарын тавьсан асуулт тодруулгад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хариулт өглөө.
 
 
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжив.
 
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
 
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.