sonin.mn
Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээллийн эхэнд олонх болсон МАН Анхдугаар хуралдаанаасаа эхлээд хууль зөрчиж байгааг шүүмжлэв. Тэрбээр "УИХ-ын байнгын хороод бүрэлдэхүүнээ баталсан боловч дарга нар нь томилогдоогүй байгаа. Байнгын хороод хуралдаанаа хийж, даргаа сонгож, чуулганаар баталдаг.
 
УИХ-ын дэгийн тухай хуулиар байнгын хорооны дарга хуралдаан зарлаж, даргалдаг. Гэтэл өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хаанаас зарласан нь мэдэгдэхгүй, Н.Энхболдоор яагаад даргалуулсан нь ойлгомжгүй байна" гэв.
 
Үүнээс гадна "Засгийн газрын бүтцийн асуудалд ямар нэг хуулийн хугацаа шаардагдахгүй байтал хууль зөрчиж, цөөнхийн бүлэгт хугацаатай завсарлага өгсөн. Хууль зөрчиж хэлэлцсэн асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тиймээс бид асуудал хэлэлцэхэд оролцсон ч санал хураалтад оролцоогүй.
 
Бид шинэ Засгийн газрыг бүрдүүлэхэд саад тээг тавиагүй. Гэхдээ бид УИХ, Засгийн газар анхнаасаа хууль дээдэлж, хуулийн дагуу ажиллахыг хүссэн. Гэтэл эрх баригчид хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байна.
 
Манай бүлгийн зүгээс санал зөрөлдөж байгаа зүйлс нь 1-т Үндсэн чиг үүргийн яамдыг нэмэх замаар "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмж байгааг, 2-т Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж байгааг, 3-т дэд сайдын орон тоог дахин бий болгож байгааг, 4-т МАН мөрийн хөтөлбөртөө Залуучуудын байгууллагын бүтцийг бий болгоно гэсэн мөртөө төрийн онцгой анхаарал шаардагдах хүүхдийн байгууллагын үйл ажиллагаатай хамтатгаж байгааг, 5-д Эдийн засгийн үр ашгийн тодорхой судалгаагүй мөртлөө яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын 60 орчим хувьд бүтцийн өөрчлөлтөд оруулж байгаа зэрэг асуудал юм.
 
Эдгээр нь Монгол төрийн залгамж чанарыг алдуулж, ой санамжийг мартагдуулж, төрийн албанд халаа сэлгээ хийх, эцэстээ мэргэшсэн албан хаагчдыг халж, солих, эцэстээ төрийн албаны ажлыг унагаах зүйл рүү явж байгаа учир бид дэмжихгүй" гэсэн юм. 
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "МАН мэргэжлийн, “Давхар дээл”-гүй Засгийн газар байгуулна, дэд сайдыг байхгүй болгоно, төсвийн мөнгөнөөс үрж тардаг асуудлыг зогсооно гэсэн амлалт өгч УИХ-д олонхийн суудал авсан. Гэтэл одоо энэ бүхнийхээ яг эсрэгээр, мэргэшээгүй Засгийн газар байгуулах чиглэл рүүгээ явж эхэллээ. МАН яг хуучин арга, бодлогоороо явж эхлэх нь. УИХ-д авсан 65 суудлаараа түрий барьж, "65-ын дарангуйлал" тогтоох гэж байна. 
 
Олон яамд, агентлагуудыг нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. Зуун мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг битгий самар. Амлалтаа биелүүл гэж бид МАН-аас шаардаж байна" гэв.
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Өнгөрсөн дөрвөн жил хэрэглээний эдийн засгаас баялаг бүтээгчдийн эдийн засаг руу шилжиж байсан. Гэтэл одоогийн Засгийн газрын бүтэц нь өмнө олсон ололт амжилтыг байхгүй болгож байна.
 
Парламентад суудалтай бүхий л намууд зөвшилцөж, УИХ-ын сонгуулийн өмнө "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ыг баталсан. Олон тулгуурт эдийн засагтай, үүндээ суурилан бусад засаглалаа шийднэ гэж тусгасан байтал шинэ Засгийн газрын бүтэц нь 2008 оны үедээ ухарч, халамжийн эдийн засагт шилжихээр орж ирлээ.
 
Бүх намуудтай зөвшилцөж баталсан баримтаа хэрэгжүүлэхгүй байгаа нь ухралт. Энэ асуудлаар Ерөнхийлөгч хүртэл зөвшилцлийнхөө бичигт онцгойлон хэлсэн ч хүлээж авсангүй. Үр дагавар нь яаж гарах вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Өдөр бүр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулж ажиллах болно" гэлээ.
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг