sonin.mn
Ази-Европийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон зочдын нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажилласан алба хаагчдыг ИНЕГ-ын даргын зөвлөл хүлээн авч, талархал илэрхийлж, батламж гардууллаа.
 
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад 5500 гаруй зочин, төлөөлөгч ирсэн бөгөөд агаарын шугамд төлөвлөгдсөн  олон улсын 218 нислэг, орон нутгийн 97 нислэгийг удирдаж ажиллажээ. Мөн Олон улсын онцгой үүргийн 67, орон нутгийн онцгой үүргийн 1, олон улсын захиалагт 8 нислэг хөөрч, буух ажлыг удирдаж  ажиллажээ.
 
Монголын иргэний нисэхийн салбарт анх удаа нэг өдөр 67 нислэг хүлээн авч, агаарын хөлгийн зогсоолд анх удаа 36 онгоц зогсоосон түүхэн үйл явдал юм.
 
Нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Аэродромын алба, Аюулгүй байдлын газар, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Техник хангалт навигацийн үйлчилгээний алба, Нисэхийн цаг уур, “МИАТ” ТӨК-ий давхардсан тоогоор нийт 1000 гаруй ажилтан нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажилласан байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг