sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагыг "Сүхбаатар одон"-гоор шагналаа.
 
Цагдаагийн байгууллага 1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр байгуулагдсанаас хойш улс орны нийгэм, төрийн байгууламжийн хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжин, бэхжиж эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна.
 
Түүхт ойг угтан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "СҮХБААТАР ОДОН"-гоор шагнах зарлиг гаргасан бөгөөд өнөөдөр СТӨ-нд болсон 95 жилийн ойн хүндэтгэлийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан ёслол төгөлдөр гардуулав.
 
Энэ үеэр ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, "Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн нэр төртэй биелүүлж ирснийг онцлон тэмдэглэж байна. 
 
Цагдаагийн байгууллагын эгнээнээс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, эрэлхэг баатарлаг үйлстнүүд, алдар гавьяатнууд, урлаг, спортын сайчууд олноороо төрөн гарч, байгууллагынхаа түүхийг улам баяжуулж ирснийг бахархан хэлэхэд таатай байна.
 
Бид түүхэн уламжлал, хуримтлуулсан туршлагаа бататгаж, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, орчин үеийн техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллахаа илэрхийлье.
 
Төр түвшин, түмэн олон минь амар амгалан байж, Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь цагаан шонхор шигээ өөдөө хийморьтой өнөд мөнх мандан бадрах болтугай" хэмээв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг