sonin.mn
ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд болсон “Олон улсын банкуудын 21 дүгээр бага хурал”-д Монголбанк, ОХУ-ын төв банк, Монгол Улсын арилжааны банкуудтай хамтран амжилттай оролцлоо.
 
Тус хуралд ОХУ-ын томоохон арилжааны банкуудаас гадна олон улсын нэр хүндтэй ING Bank, BNY Mellon, Commerzbank, ABC зэрэг банкууд, Bloomberg, Reutersкомпанийн төлөөлөгчид оролцжээ.
 
Хурлын үеэр Монголбанкны санаачлагаар ОХУ-ын төв банк, Промсвязьбанктай хамтран хоёр улсын банк хоорондын анхдугаар зөвлөлгөөний үеэр “Газар нутгаа тэлэх нь: Монгол Улсын орчин үеийн банкны систем” салбар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулжээ.
 
Монгол Улсын банкны системийн өнөөгийн байдал, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжууд, хоёр улсын банк хоорондын хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Монголбанк, арилжааны банкуудаас тус тус танилцууллаа.
 
Зөвлөлгөөний үр дүнд Монгол Улсын арилжааны банкууд ОХУ-аас татаж буй бэлэн рублийн зузаатгалын зардлыг бууруулах, 24 цагийн рублийн арилжааг хийх, гадаад төлбөр тооцоог хөнгөвчлөх, худалдааны санхүүжилт дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн чухал үр дүнд хүрсэн.
 
Түүнчлэн хоёр улс хоорондын гадаад худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглах механизмыг бий болгоход анхаарч ажиллах тохиролцоонд хүрчээ.
 
Монголбанкнаас уг уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах саналыг тавьсан бөгөөд ОХУ-ын төв банк дэмжсэнээр 2017 онд уг уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтлоо. 
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг