sonin.mn
Хоёрдугаар улирлын байдлаар манай улсын гадаад эрэлт, гадаад эдийн засгийн төлвийн үзүүлэлтүүд өмнөх улирлаас бага зэрэг муудлаа хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
 
Тодруулбал гадаад эрэлтийг голчлон тодорхойлогч БНХАУ-ын эдийн засгийн жилийн өсөлт энэ оны I улиралд үргэлжлэн саарч 6.7 хувьд хүрчээ. Хятадын дэд бүтцийн салбар дахь төсвийн хөрөнгө оруулалт тайлант улиралд нэмэгдсэн ч зүүн-хойд бүс нутаг дахь уул уурхай болон аж үйлдвэрийн салбар дахь хөрөнгө оруулалт огцом хумигдсан байна.
 
Экспорт буурсан нь Хятадын эдийн засгийн өсөлт ийнхүү саарахад гол нөлөө үзүүлжээ. Харин 2015 оны туршид авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн дараагаар үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч, борлуулалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбар эхний улиралд мэдэгдэхүйц сайжирсан байна.
 
Төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлснээр Хятадын эдийн засгийн өсөлт 2016 онд зорилтот 6.5 хувьд хүрэх ч, үргэлжлэн саарах хүлээлт хэвээр байна.
 
Хөдөлмөрийн захын төлөв үргэлжлэн сайжирч байгаа ч тайлант улиралд Евро бүсийн эдийн засгийн өсөлт бага зэрэг саарч, АНУ-ын эдийн засгийн өсөлт өмнөх улирлынхаа түвшинд хадгалагдлаа. ОХУ-ын эдийн засаг тайлант улиралд хүлээж байснаас багаар агшихад үйлчилгээний салбарын өсөлт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
 
Нефтийн үнэ өмнөх жилүүдтэй харьцуулбал хямд байгаа нь ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөх ч манай улсын худалдааны түнш бусад улсын хувьд тэдний бодит орлогыг нэмэгдүүлж, дотоод эрэлтэд нь эерэг нөлөө үзүүлсээр байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг