sonin.mn
МОСКВА. /АР/. Оросын тамирчдыг тив дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцуулахыг хориглосон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шийдвэрийг Спортын арбитрын шүүх /САШ/ дэмжсэн явдлыг Оросын нөлөө бүхий албаны хүмүүс зэмлэн буруушаалаа.
 
САШ-ийн шийдвэртэй холбогдуулан Оросын Спортын сайд Виталий Мутко өчигдөр хэвлэлийн бага хурал хийжээ. Мутко хэлэхдээ “нэр цэвэр тамирчдын эрхийг зөрчсөн шийдвэрийг САШ гаргалаа” гэж мэдэгдлээ.
 
Сайд Мутко “тус шүүхийн шийдвэр бол Орост шахалт үзүүлэх гэсэн улс төрийн хөндлөнгийн оролцоо мөн” гэж онцлон дүгнэсэн байна.
 
Мөн өдөр ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэвлэлийн бага хурал хийхдээ САШ-ийн шийдвэрийг “спортын эсрэг гэмт хэрэг” гэж тодорхойлоод, ийм шийдвэр гаргахад АНУ нөлөөлсөн гэх хардлага бий гэлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг