sonin.mn
Аймгуудын ИТХ анхны хурлаа хийж, Иргэдийн хурлын дарга болон Засаг даргаа томилон баталгаажуулж эхэлсэн. Харин Сүхбаатар аймгийн нэг сумд ИТХ-ын сонгууль будлиантай болсноос төлөөлөгчдийн тоо 33 байхаас  16:16 гэсэн харьцаагаар тэнцэж, хүлээлт үүсээд буй.
 
Тухайлбал, тус аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумд МАН-аас нэр дэвшсэн Д.Болдбаатар, О.Балжинням нар  Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3 дахь  “аливаа үйлчилгээг үнэ төлбөргүй, хөнгөлттэй үнээр  үзүүлэн, 70.1.4 дэх “нийтийг хамарсан урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулах, ивээн тэтгэх”, 70.5.3 дахь хууль зөвшөөрснөөс бусад  төрлийн үйлчилгээ зохион байгуулах”, 70.5.10 дахь “сонгогчдын саналыг татах зорилгоор  өөрөө болон бусдаар дамжуулан ...эд бараа төлбөргүй тараах”    зэрэг олон заалтыг ноцтой зөрчжээ.
 
Хууль зөрчсөн үйл явдал  МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Улааныг тус суманд ирж ажилласны маргааш буюу  зургадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн аймгийн МАН-ын хороо, НАМЗХ, ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумд МАН-аас нэр дэвшсэн Д.Болдбаатар, О.Балжинням нарын зүгээс хөдөөгийн  залуусыг “Залуу малчдын уулзалт”, “Залуучуудын холбооны уулзалт” гэхчлэн машинаар зөөж, цайны газруудад үнэ төлбөргүй дайллага, цайллага хийж, шоу үдэшлэг зохиож, намын батлах гардуулах арга хэмжээ явуулж эхэлжээ.
 
Ирсэн, явсан хүмүүсийг угтах,  үдэх нэрээр хавтгайрсан архидалтыг ч зохион байгуулсан аж. Иймд хууль бус  зөрчлүүдийг шалгаж, шийдэж өгнө үү хэмээн   Дарьганга сумын АН-ын дарга М.Батжаргал  холбогдох газрууд, цагдаа, хууль хяналтын байгууллагуудад  хандан гомдол гаргажээ.
 
Аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гомдлыг авч хэлэлцээд, зургадугаар сарын 30-ны өдрийн шүүх  хуралдаараа   ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумд МАН-аас нэр дэвшсэн Д.Болдбаатарыг Сонгуулийн хуулийн 70.1.4  дэх “нийтийг хамарсан ...дайллага, цайллага зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн 44 тоот захирамж  гаргаж хэргийг шийтгэвэрлэсэн  байна.
 
Анхан шатны шүүхийн шийтгэвэр  ийнхүү гарч,  харин Д.Болдбаатар, өмгөөлөгчийн хамт давж заалдах шатны шүүхэд хандсан  байна.  Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх тэдний нэхэмжлэлийг авч хэлэлцээд   энэ сарын 19-нд  давж заалдах шатны шүүх хуралдааныг явуулжээ.
 
Энэ хурлаас анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээсүгэй гэсэн 10 тоот магадлалыг гаргажээ. Тэгвэл аймгийн Сонгуулийн хороо хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэн энэ сарын 20-нд 19 тоот тогтоол гаргажээ.
 
Тус тогтоолд “Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалт, Аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шалтны шүүхийн долдугаар сарын 19-ний өдрийн 10 тоот магадлал, Аймгийн сонгуулийн хорооны долдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Д.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж тогтоожээ.
 
Хууль хяналтын болоод шат, шатны холбогдох байгууллагуудын тогтоол, шийдвэр ингэж гарсан байна. Гэтэл хоёр шатны шүүхийн шийдвэр  гарсан, тодруулбал  давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдэж  Д.Болдбаатарыг хууль зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээсэн 10 тоот магадлал гаргасан долдугаар сарын 19-ний өдөр аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг дангаараа хуралдаж, Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга Занын Энхтөрийн нэрийг өргөн мэдүүлэхээр  Засгийн газарт илгээжээ.
 
Энэ хурал нь 16+1 гэсэн бүтэцтэй, өөрөөр хэлбэл хууль зөрчиж, шүүхээр шийтгүүлсэн Д.Болдбаатарыг оролцуулан аймгийн ИТХ-ын дийлэнх олонх буюу 17 хүний бүрэлдэхүүнтэй болсон гэж хурлын тэмдэглэлээ  хөтөлсөн бололтой.
 
 Хуралдаан нь хууль зөрчсөн, дээр нь тамга,тэмдэггүй албан баланк ашиглан Засаг даргад нэр дэвшүүлснээрээ давхар зөрчил дагуулж байхад Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг ийнхүү  авирлаж байгаа нь нам нь төр, засгийн эрхэнд дийлэнх олонхийг бүрдүүлж байгаад  эрдэж буйн илрэл гэхээс өөрөөр тайлбарламгүй.
 
33 төлөөлөл бүхий аймгийн ИТХ-д  АН 16, МАН 16 суудал авч тэнцсэн энэ тохиолдолд уг нь зөвшилцлөөр ажлаа явуулах нь зүйд нийцэх байлтай. Эсвэл  шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаантай байгаа  нэг тойрогтоо нөхөн сонгууль явуулж, 33 дахь төлөөлөгчийг оруулж ирж бүрэн эрхийг нь баталгаажуулсны дараа хурлаа хийж,  хэн олонх болсон нь Засаг даргад санал болгож буй хүнээ ёсчлон Засгийн газарт өргөн мэдүүлдэг журам байдаг  санагдана.
 
Аль нэг нам  төрд олонх болсондоо дулдуйдан  хуулийг уландаа гишгэж боломгүй. Аймгийн ИТХ-ын 50 хувь нь хүлээн зөвшөөрөөгүй байхад  хэн  дуртай нь намын  хүчнээр ташуур хийж  Засаг дарга болчихдоггүйг саная. Засаг даргад нэр дэвшигчид тавьдаг хуулийн босго, шалгуур гэж бас  бий.
 
Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл, 26.5.2-т “Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх” гэсэн заалт байдаг.
 
Тэгвэл Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ын 16 төлөөлөгч, хууль бус 1 хүн нэмж 16+1 гэсэн бүрэлдэхүүнээр хуралдан Засгийн газарт өргөн мэдүүлээд буй З.Энхтөр нь төрд гурван жил байтугай гуч хоног ч ажиллаж үзээгүй  хүн байх юм. Улсын хэмжээнд жишиг аймаг Сүхбаатар өмнө нь жишиг удирдагчтай байснаар хөгжлийн  энэ өдөрлөгт  хүрсэн.
 
Өнөөдөр ч тийм л залгамж халааг, сайн удирдагчийг  хүсч  буй нь лавтай. Төр засаг ч  гэсэн Сүхбаатарчуудын хүсэл, эрмэлзлэлийг  харах учиртай болохоос хүчээр нухчин дарах   ёсгүй баймаар.
 
Яагаад ингэж ярьж, бичих болов  гэвэл, сүүлийн үед төрийн эрх мэдлийг атгаж буй нам хүчин, эрх мэдэл бүхий хэн нэгний зүгээс Сүхбаатар аймгийг золиос болгож, ард иргэдийнх нь хүсэл зоригийг үл хүндэтгэж ёс бус шийдэр гаргах болсон.
 
Жишээ нь, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын мандатын тоог шинэчлэн батлах үеэр хоёр мандаттай байсан Сүхбаатар аймгийн нэг мандатыг АН-ын УИХ дахь  бүлгийн дарга, Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн Б.Гарамгайбаатар  “Эзэн хаан Чингисийн  нутаг болохоор Хэнтий аймгийн мандат гурав байх ёстой” хэмээн  “дээрэмдэж” авсан ч гурван мандатдаа эзэн болж чадалгүй унасан.
 
Хэнтий аймаг   Сүхбаатар аймгаас  юугаараа илүү гэвэл, хүн амын тоо нь дөрөвхөн мянгаар  илүү.  Энэ  нэг мандатыг булааж авах үзүүлэлт биш, Чингис хааны нутаг байгаа нь ч шалтгаан болохгүй. Тэгж ярихад хүрвэл, Сүхбаатар аймаг Монгол Улсын өмнөд хил, эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгаланг  үеийн үед дархлан хамгаалж ирсэн нутаг.
 
Д.Сүхбаатар жанжны төрсөн нутаг гээд яривал олон зүйл бий. Ямартай ч хоёр мандаттай байх ёстой Сүхбаатар аймаг ийм ёс бус “ халдлага”-аас  болж, 2016 оны УИХ-ын сонгуульд   нэг мандаттай  орсон. Хоёр мандаттай байсан бол өдгөө Их хуралд хоёр төлөөлөлтэй байх байсан.
 
Нөгөө талаар сонгогчдын санал ихээр гээгддэг 76 жижиг тойрог бүхий мажоритар  тогтолцооны гажиг ч бас нөлөөлж байна. Учир нь  Сүхбаатар аймагт нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч  ойролцоо санал авсан.
 
Аймгаа  найман жил удирдахдаа улсад жишиг болгон хөгжүүлж, 60 мянган хүн амтай Сүхбаатар аймгийн нийт  сонгогчдын   50 шахам хувийн санал авсан  нэр дэвшигч бол  АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь. Арай илүү нь  гардаг мажоритар хувилбарын гажгаар  энэ удаа МАН-аас нэр дэвшигч Ч.Улаан ялалт байгуулаад байгаа.
 
Тэгвэл өнөөдөр  МАН төрд олонх боллоо гээд Монголын төрд өмнө нь эрх барьж ирсэн АН-ын  зарим удирдлагчдын  уршгаар тус аймагт  нүүрлэсэн  гашуун бөгөөд хар туршлагыг үргэлжлүүлж  аймгийн ИТХ-ыг нь “Гарамгайбаатардах “ ёсгүй. МАН өнөөдөр Мэргэжлийн Засгийн  газар байгуулж, бүх шатанд мэргэжлийн бүтцээр ажиллана.
 
Хууль ёсыг сахиж, шударга ёсыг хэрэгжүүлнэ, бэхжүүлнэ”   гэж ард түмэндээ амлаад байгаа. Амласнаа хэрхэн хэрэгжүүлж, хууль ёсыг хүндэтгэн сахиж ажиллахыг   ард түмэн хүлээж бас харж байна.
 
 Үүний тодоос тод нэг илрэл нь Сүхбаатар аймгийн ИТХ-д өрнөж буй үйл явдалд хэрхэн хандах  вэ гэдэг асуудал байж таарна. Ард түмэн харж байна, бас  дүнгээ тавьж эхлээд байна. 
 
Л.ХЭРЛЭН
Эх сурвалж: