sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. 30 гаруй орны Батлан хамгаалахын сайд нар АНУ-д уулзаж,  “Лалын улс” бүлэглэлийг устган дарах дараагийн алхмыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
 
Ирак дахь тус бүлэглэлийн гол түшиц газар болох Мосул хот болон Сири дэх "Лалын улс"-ын нийслэл гэгддэг Ракка хотыг хяналтдаа авах нь манай эвслийн дараачийн алхам байх болно гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер лхагва гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотоос холгүй орших “Эндрюс” агаарын цэргийн баазад болсон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудлаарх уулзалтын дараа мэдэгджээ.
 
Уулзалтын үеэр Эш Картер Ирак, Сирид явуулж байгаа цэргийн ажиллагааг эрчимжүүлэх  болон Мосул хотыг чөлөөлөх Иракийн армийн ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
 
Мосул хотыг чөлөөлөх томоохон хэмжээний цэргийн ажиллагаанд бид хөнгөн хуумгай хандаж болохгүй гэж Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагааг хянадаг АНУ-ын Төв командлалын тэргүүн, генерал Жосеф Воутэл мэдэгдэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг